ГЕГ 37 хүнээр орон тоо хэтрүүлэн ажиллаж байжээ

Төрийн албанд орон тоо хэтрүүлэх, нэг албан тушаал дээр хоёр хүн зэрэг томилох, хамаатан саднаа авч ажиллуулах зэрэг хууль бус асуудал гарсаар байна.

Тухайлбал, Гаалийн ерөнхий газар батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлэн ажиллаж байжээ. Тус газар нь 18, харьяа газар, хороодод 19 хүнээр орон тоог хэтрүүлжээ. Орон тоо хэтрэлттэй байсаар байхад Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сүүлийн нэг жилийн хугацаанд  98 хүнийг шинээр томилсон байна.

Ийнхүү томилохдоо орон нутаг дахь гаалийн газрын даргын ажлын байрны ерөнхий шаардлагад тусгасан “гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн, гаалийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй иргэн Ч.Балдандоржийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар Орхон аймгийн гаалийн газрын даргаар томилжээ.

Мөн Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Сакейн Хавалын ХАСУМ-ийг  хянаад илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон гэж үзэж энэ тухай мэдэгдсээр байтал Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчин, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар С.Хавалыг Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилсон байна.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button