Эквадор улс руу 90 хоног визгүй зорчих боломж бүрдлээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 24-нд Бүгд Найрамдах Эквадор Улсын Гадаад хэргийн сайд Хосе Валенсиатай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 36 жил болж байгаа бөгөөд энэхүү найрсаг харилцааг хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг сайд Д.Цогтбаатар тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар “Бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эквадор Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг солилцов. Ингэснээр хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдлээ гэж ГХЯ-наас мэдээллээ.