Р.Ганхуяг: Дүүгийн минь албан тушаалыг булаан авахаар зохион байгуулалттай ажлуудыг хийж байжээ
Өнгөрсөн наймдугаар сард Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн бусдад зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн талаар талийгаачийн аав Р.Төмөрхуяг, авга ах Р.Ганхуяг, өмгөөлөгч З.Хүрэлсүх нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгөв.
Хэвлэлийн хурлын эхэнд Өмгөөлөгч З.Хүрэлсүх "Өнөөдөр талийгаач Т.Гомбосүрэнгийн 49 дэх хоног. Тиймээс сэтгүүлчдийн асуултад хариулах боломжгүй. Хохирогчийн ар гэрийнхэн сэтгэл санааны хувьд хүнд байгаа" гэв.
Р.Төмөрхуяг: Т.Гомбосүрэн бол миний голомт түших ганц хүү минь байсан
Талийгаачийн аав Р.Төмөрхуяг "Ийм хэрэг болсонд маш их харамсаж байна. Манай удам дөрөв дэх үедээ төрд зүтгэж байгаа, сэхээтэн гэр бүл. Миний хувьд 43 жил төрийн байгууллагад ажиллаж байгаад өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан. Ийм юм болно гэж бодолгүй хүүгээ төрийн албанд зүтгүүлсэн.
Миний хүү нийтэч, хөгжилтэй, хүнтэй эвсэг хүүхэд байсан. Энэ хэргийн дараа миний хүүг архидан, согтуурсан, харилцсан зодолдож байгаад амь насаа алдсан гэсэн яриа гарсан. Бид ёс уламжлалаа бодоод өнгөрсөн хугацаанд дуугүй байсан.
Миний хүү архи дарс ууж, зодоон хийх хүн биш. Би хүүгээ тэгж хүмүүжүүлээгүй. Одоо дөрвөн ач минь үлдлээ. Би хоёр охин, нэг хүүтэй. Т.Гомбосүрэн бол миний голомт түших ганц хүү минь байсан. Одоо дөрвөн ач минь үлдлээ. Амьд байх хугацаандаа ач нараа хүн шиг хүмүүжүүлэх юмсан.
20 жилийн дараа би ач нартаа эцэг чинь ажил дээрээ архи ууж байгаад амиа алдсан гэх үү? Эсвэл ажлаа хийж байгаад архи ууж, согтуурсан хүмүүсийн гарт амиа алдсан гэж хэлэх үү" гэв.
Мөн тэрбээр уг хэргийн талаарх баримтуудыг бид үе шаттайгаар гаргаж тавина гэдгээ мэдэгдлээ.
Р.Ганхуяг: Дүү минь төрийн албан хаагч нэртэй хэрцгий алуурчны гарт амиа алдаа
Талийгаачийн авга ах Р.Ганхуяг "Маш хүнд өдрүүд өнгөрлөө. Айлд хүний хайр татсан хүүхэд гэж байдаг. Т.Гомбосүрэн маань тийм хүүхэд байлаа.
Хүний ганц хүү, хайртай дүү минь, дөрвөн хүүхдийн эцэг Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваад төрийн албан хаагч нэртэй харгис, хэрцгий алуурчны гарт ажлын байранд дээрээ амиа алдлаа. Миний дүүг тухайн өдөр ЗТХЯ-ны гурван давхарын өрөөнд архидан согтуурч байсан Махбал, Лхагвасүрэн, Энхбат, Цэцэгмаа нарын хүмүүс зориудаар дуудан ирүүлсэн. Улмаар амь насыг нь хүний ёсноос гадуур, хэрцгийгээр хөнөөсөн. Үүнийг нотолсон талийгаачийн гар утасны бичлэг бидэнд байна. Энэ утсыг манай дүү тухайн өдөр барьж байсан" гэв.
Гар утасны бичлэгт:
-Яасан бэ, та хаачсан бэ?
-Талийгаач: Чи хаана байгаа юм?
-Махбал даргын өрөөнд таныг хүлээж байна
-Талийгаач: За яваад оръё" гэсэн яриа үлджээ.
Тэрбээр үргэлжлүүлэн "Энэ болсон үйл явдал бол өнөөдрийн монгол төрийн намчирхал, хуваагдал, эрх мэдлийн төлөөх том бүлэглэл, тэмцлийн илрэл гэж би бодож байна. Нэг зүйлийг цохон тэмдэглэхэд миний дүүгийн ажил, албан тушаалыг хууль бусаар булаан авахаар 2018 оны хоёрдугаар сараас хойш зохион байгуулалттайгаар хуйвалдан, шат дараатай ажлуудыг хийж байжээ.
Тухайлбал, 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны Төрийн албаны зөвлөлийн 24 тоот тогтоолд “С.Дорждагвыг Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд санал болгосугай” гэжээ. Миний дүү энэ үед ажлаа хийгээд хөдөө томилолтоор явж байсан.
Гэтэл С.Дорждагва гэдэг энэ хүнийг хувийн эрх ашгийн зөрчилтэй, уг албан тушаалд тэнцэхгүй гэдэг бичгийг Авлигтай тэмцэх газрын хариуцлага тооцох тухай бичиг харуулж байна.
Хэрэг гарсны маргааш нь би Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Дүүгийнхээ өрөөнд орж үзэхэд компьютер нь асаалттай, бичиг баримт нь дэлгээтэй, өрөөний гэрэл нь асаатай, хүрэм нь сандал дээр өлгөөстэй байсан. Тэгэхээр миний дүү ажлаа хийж байгаад дуудагдсан байгаа юм.
Юуны учир миний дүүгийн амь насыг золин байж ажил, албан тушаалыг нь авах гэж зүтгэж, хуйвалдаж, улайран зүтгэсэн юм бэ? Үүнийг хууль хяналтын байгууллага төдийгүй УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, холбогдох албан тушаалтнууд анхааралдаа авна гэдэгт итгэж байна.
Энэ аллага, бусармаг үйл явдлыг Монголын төр, цагдаа, хууль хяналтын байгууллагууд хуулийн дагуу шийдэж өгөөсэй гэдэгт ах дүү, төрөл садан, хань ижил, үр хүүхдүүд нь итгэж байгаа. Хэрвээ хуулийн дагуу, үнэн зөвөөр шийдвэрлэхгүй бол ард түмэндээ хандаж, дэмжлэг авах болно. Уг хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон албан тушаалтнууд хариуцлагаас гадуур өнгөрөх ёсгүй.
З.Хүрэлсүх: Хэргийг архитай холбож олон нийтийн анхаарлыг өөр тийш нь хандуулах сонирхол хэнд байна вэ?
Өмгөөлөгч З.Хүрэлсүх "Хэрэг гарснаас хойш 14 цагийн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч “Бид уг хэргийг албан тушаалтай холбоогүй гэдгийг тогтоосон. Архидан согтуурсны улмаас хэрэг үйлдэгдсэн” гэж мэдээлсэн. Гэтэл хэрэг гарсан байдлыг тогтоох үйл ажиллагаа өнөөдрийн хүртэл үргэлжилж байна. Хэрэв 14 цагийн дараа тогтоосон бол прокурорын хяналтыг дамжаад, анхан шатны шүүхэд очих ёстой байсан. Тэгэхээр 14 цагийн хэрэг үйлдэгдсэн шалтгааныг тогтоогоогүй байж, ташаа мэдээлэл тараасан гэсэн үг.
Хоёрдугаарт, уг хэргийг архитай холбож олон нийтийн анхаарлыг өөр тийш нь хандуулах сонирхол хэнд байна вэ? Үүнээс хэн ашиг хонжоо олох вэ? гэдэг бодол төрж байна.
Одоо үйлчилж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хэрэг гарсан байдлын талаар дүгнэж ярих эрхтэй ганц субъект бол прокурор. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч ярихгүй. Онц ноцтой хэргийг 14 цагийн дараа тогтоосон тийм шалгалтын ажиллагааны тухай сонсож байгаагүй.
Талийгаач архинаас хол хөндий хүн байсан гэдгийг олон түмэн мэднэ. Гар утасны бичлэгээс үзэхэд архидан согтуурч байсан бүлэг хүмүүс талийгаачийг өрөөндөө ажлаа хийж байхад нь дуудсан байна.
Засгийн газар солигдоход, яамны удирдах бүрэлдэхээн солигддог ийм жишиг бий. Улс төрийн нам, фракцийн талцал, зөрчлөөс болж төрийн албаны мэргэшсэн албан тушаалтнууд тогтвортой ажиллаж чаддаггүй. Үүнийг хэн ч мэднэ.
Талийгаач төрийн жинхэн алба хаах мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн байсан. Үүнийг нотолж, төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гарсан. Ямар нэгэн байдлаар төрд ажиллах эрхгүй, сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэсэн асуудал огт байхгүй. Энэ талаарх баримтуудын хуулбар бидэнд бий.
Энэ хэргийг анх Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчид шалгасан. Одоогоор ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байна. Энэ хэргийн ээдрээ, төвөгтэй байдал, хамрах хүрээ, үр дагаврыг бодолцоод ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар мөрдөгчдийн ажлын хэсэг гарсан гэсэн мэдээлэл байна.
Өнгөрсөн хугацаанд хэргийн талаар ташаа мэдээлэл цацав гэдэгт хариулъя. Хэн нэгэн ямар нэгэн байдлаар мөрдөгч, прокурорын хууль ёсны ажилд хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлөх нь эрүүгийн гэмт хэрэг. Бид тийм мэдээллийг ажиглаж, баримтжуулж байгаа. Хэвлэлд гарч байгаа ташаа мэдээлэлд хөтлөгдөн хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийхгүй байгаа гэдэгт бат итгэлтэй байна. Энэ хэрэг талуудын тэгш эрх, мэтгэлцээний үндсэн дээр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэнэ гэдэгт хохирогчийн талынхан итгэж, найдаж байна" гэлээ.
Х.Хулан