24175 даатгуулагчид хүрч ажиллав
Иргэдийн оролцох боломжийг хангах, өргөн хүрээг хамруулах зорилгоор олон байршилд, явуулын байдлаар зохион байгуулж, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байр, малчны хотонд хүрч үйлчлэхэд анхаарах болсон.
Энэ зарчмаар “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг”-ийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулжээ.
Өдөрлөгийг улсын хэмжээнд 776 байршилд нэгэн зэрэг зохион байгуулж, нийгмийн даатгалын тухай хууль эрх зүйн мэргэшсэн зөвлөгөө, мэдээллийг 24175 даатгуулагчид хүргэж ажилласан байна. Энэ нь өмнөх өдөрлөгийн хамрах хүрээг 33.3 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.
Нийтдээ 13225 иргэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлсэн байна. Тодруулбал, сайн дурын даатгалын гэрээ байгуулж, шимтгэл төлөх үйлчилгээг 2217 даатгуулагчид, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үйлчилгээг 2613 даатгуулагчид, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг баталгаажуулах үйлчилгээг 5523 даатгуулагчид тус тус үзүүлжээ.
Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний апликэйшний хэрэглэгчийн хүрээ улам бүр тэлж 26000 гаруй болоод байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр газар дээр нь баталгаажуулалт хийж өгснөөр 5872 иргэн шинээр тус үйлчилгээнд хамрагдсан байна.
Сайн дурын даатгуулагчдын хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор хувираа бизнес эрхлэгчид, малчидтай тусгайлан уулзаж, нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдлыг сурталчилсан ба орон нутгийн байцаагч нар улсын хэмжээнд 4616 малчинд хүрч үйлчилсэн байна. Газар дээр нь очиж ач холбогдлыг нь таниулснаар тэдгээрийн 48 хувь нь сайн дурын даатгалд шинээр хамрагджээ.
Нээлттэй хаалганы өдөр гэж том хаяг өлгөж суугаад хүн ирэхийг хүлээх биш иргэддээ хаа байгаа газарт нь хүрч үйлчилдэг энэхүү сайн жишгийг бусад төрийн байгууллагууд ч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж иргэд үзэж байна.
О.Сайхан
Оллоо.mn