Төрийн алба хаагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс авлига авдаг
Статистик тоон мэдээгээр нийслэлд нийт 13104 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Үүнээс Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй 300 иргэнийг уг судалгаанд хамруулжээ.
Судалгааны үр дүнгээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд авлигын талаар тодорхой ойлголттой бөгөөд төрийн үйлчилгээ авах, сургууль, цэцэрлэгт хүүхдээ хамруулах зэрэг нийгмийн харилцааны явцад авлигад өртдөг байна. Иргэд авлигыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариулж байгаа ч үүнийг хүнд суртал, шударга бус дүрэм, журмыг тойрч гардаг нийтлэг үзэгдэл гэж ойлгож, авлигыг мэдээлэх эрмэлзэлгүй байгаа ба авлигыг өөрт нь тулаад ирэхэд эсэргүүцэх, татгалзах, үүний эсрэг арга хэмжээ авахгүйгээр өртөх эрсдэлтэй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд хамгийн их оролцох тохиолдолд буюу төрийн үйлчилгээнд хамрагдах, сургууль, цэцэрлэгт сурах, сургах үед авлигад өртөж байна. Авлигын тохиолдлын мөнгөн дүн 500 мянган төгрөг хүртэл байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдоггүй, ихэвчлэн хороо, дүүргийн хэмжээнд харилцдаг тул шаардлага гарвал төрийн захиргааны албан хаагчдад болон сургууль, цэцэрлэгт л хахууль өгдөг гэж ярилцлагын судалгаанд хариулжээ.
Төрийн албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ч хахууль авдаг нь энэхүү судалгаагаар харагдаж байгаа юм. Үүний зэрэгцээ эмнэлэг, нийгмийн халамж үйлчилгээний хэсэгт авлигын эрсдэл байгааг анхаарах нь зүйтэй байна.
О.Сайхан
Оллоо.mn