Б.Тунгалаг: Үе, үеийн Засгийн газар соёл урлагийг дээрэлхэж ирлээ

Мочголын урлагийн ажилтны холбооны захирал, гавьяат жүжигчин Б. Тунгалагтай ярилцлаа.

-Монголын урлагийн ажилтны холбоо хэмээх нэгэн өрх гал голомтоо бадраагаад 40 гаруй жилийг үджээ?

-Манай холбоо орон нутаг бүрт салбартай. Үргэлж оволзсон их ажилтай байдаг байгууллага. Анх байгуулсан гишүүд нь их дэврүүн сэтгэлээр байгуулсан учир тэр эрчээрээ ажилласаар өнөөдөртэй золгож байна.

-Анхны гишүүдтэйгээ хэр холбоотой байдаг вэ?

-Энэ байгууллагын шавыг тавьсан анхны гишүүн бүхнээ бид. хүндэтгэдэг. 95 настай Б.Доlгорсүрэн гуай, 94 настай Л.Цогзолмаа гуай, Х.Хайдав гуай гээд бүгдтэй нь холбоотой байдаг. Гэхдээ хорвоо гэдэг хатуу шүү дээ. Жил өнгөрөх тусам азай буурлууд минь цөөрөх юм даа.

-Танай байгууллага хэдэн гишүүнтэй вэ. Залуу уран бүтээлчид хэр олон байна?

-Хот төдийгүй орон нутгийн урлагийн байгууллагуудад залуус олонтой болж. Манай байгууллага анх 200 гишүүнтэй байлаа. Харин энэ 40 гаруй жилийн хугацаанд 1500 болж өргөжсөн. Үүний ихэнх нь шижгэнэсэн залуус бий. Урлагийн ажилтны холбоог анх байгуулахдаа урын санг бэхжүүлэх, залуу уран бүтээлчдийн авьяасыг нээж хөгжүүлэх, уран бүтээлчдийн ниигмийн асуудлыг шийдвэрлэх гадаад харилцаагаа өргөтгөх гэсэн дөрвөн зарчим гаргасан байдаг. Бид энэ уламжлалыг алдалгүй өнөөдрийг хүрсэн.

-Удахгүй X дугаар их хурлаа хийнэ гэж сонссон?

-Бид дөрвөн жилд нэг удаа их хурал хийдэг. Энэ жилийн хурлын тов хараахан гараагүй байна. Хурлын үеэр удирдлага болон тэргүүлэгч гишүүдээ сонгоно. Энэ дөрвөн жил бидний хувьд ололт, амжилтаар дүүрэн байлаа. Оны сүүлчээр бид Л.Цогзолмаа гуайн нэрэмжит “Ардын богино дуу дуулаачдын улсын VI их уралдаан”-ыг зохион байгуулах гэж байна. Мөн дараагийн том ажил нь энэ байгууллагыг анх босгосон, эрдэмтэн зохиолч, найруулагч, урлаг судлаач Э.Оюун багшийн 100 жилийн ой тохиож байна. Э.Оюун багшийн бүтээл, орчуулсан зохиол, бичсэн жүжиг, дурсамжийнх нь тухай таван цуврал ном гаргах ажил ид өрнөж байна.

-Саяхан Монголын соёл, урлагийн ажилтны баяр болсон. Өмнөх жилүүдийг бодвол нам гүм өнгөрчих шиг боллоо?

-Урлагийнхан өөрсдөө баярлаж чаддаггүй улс. Хүмүүсийг баярлуулах үүрэгтэй тул баяр ёслолын үеийг ажлаа хийж л өнгөрүүлдэг. Харин соёл урлагийн ажилтны өдрөөр өөрсдөө баярлахыг эрхэмлэдэг байлаа. Жил бүр тоглолт хийж, бөх барилдуулж, эх орон даяар тэмдэглэдэг байсан. Энэ жилийн хувьд харьцангуй нам жим өнгөрүүллээ.

-Уг нь тоглолтын хувцсаа өмсөөд төв талбай дээр цугларч, үзэгчидтэйгээ уулздаг байсан. Энэ жил багш нар ажил хаяад ийм боломж олдсонгүй бололтой?

-Манай баярын өмнөхөн багш нар ажил хаяснаас гадна ЗТХЯ-нд айхтар хэрэг гарлаа. Энэ хэргийн дараа Засгийн газар сахилга, хариуцлагын тухай ярьж эхэлсэн. Албан байгууллага бүрт үүрэг өгсөн. Тиймээс энэ жил УДБЭТ-т баярын хурлаа хийж, шагнал урамшууллаа өгөөд өнгөрсөн.

-Соёл, урлаг маань дахиад л БСШУСЯ-ны мэдэлд ирчихлээ. Уран бүтээлч хүний хувьд үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?

-Хүмүүсийн ёсзүйг бариулдаг, хэм хэмжээтэй байхад нь тусладаг ганц хүчин зүйл нь соёл, урлаг юм. Гэтэл энэ алдагдчихсан. Би Засгийн газрыг ойлгодоггүй юм. Соёлын яамгүй байж яаж соёл урлагийн тухай ярих гээд байгаа юм бэ. Боловсрол бол цар хүрээний хувьд том салбар шүү дээ. Хажууд нь манай салбар дэндүү жижигхэн. Энэ том салбарын далбаан дор аваачаад наачих юм.

-Тэгэхээр урлаг хаягдаад байна гэж та хэлэх гээд байна уу?

-Боловсролын сайд ямар бүхнийг чадагч биш дээ. Боловсролоо ярьсаар соёл руугаа орж чадахгүй байгаа нь үнэн. Үе, үеийн сайдууд соёл урлаг ярьж байхыг та бүхэн харсан уу. Ц.Цогзолмаа ч ялгаагүй багш нараа л ярьж байна. Өнөөх л багш нарын ажил хаялт. Соёлоо анхаарахгүй байгаа учир өнөөдөр чих дэлсээд байгаа муухай хэргүүд гаарч байгаа юм. Яаман дээрээ гар зөрүүлнэ гэдэг соёлтой монгол хүний араншин мөн үү. Хэрэв соёлтой төрийн албан хаагч байсан бол хэзээ ч ийм хэрцгий хэрэг хийхгүй.

-Соёлтой хүн, төрийн албан хаагч бэлтгэхэд агентлаг төдийхөн багадаад байна уу?

-Соёл, урлагийг түгээн дэлгэрүүлж, асуудлыг нь ярих, цаашлаад шийдвэрлэхэд нэг агентлагийн хүч яагаад ч хүрэхгүй. Хэрэгжүүлэх гэчихээд бодлогын шатанд очихоороо алдаа хийчихээд байна. Удахгүй сонгуулийн уур амьсгал орох нь. Тиймээс төрийн түшээд, томоохон намууд минь Соёлын яамаа эргүүлж сэргээж өгөөч. Уран бүтээлч бидэнд чинь энэ яам ус, агаар мэт хэрэгтэй байна.

-Ядахдаа хуулиа батлуулахсан?

-Соёлын яамгүй болохоор бид хуулиа ч баталж чадахгүй байна. Өнөөдөр Боловсролын хуулийн шинэчлэл, эрүүл мэнд, барилгын тухай хуулийн шинэчлэл гээд яваад л байна. Соёлын хууль байдаггүй ээ.1990-ээд онд хэрхэн батлагдсан хэвээр. Хэрэв яам нь байсан бол хуулиа бариад оруулахад өөр шүү дээ. Бас нэг зүйл миний сонирхлыг татаад байдаг юм. Номын хууль, өв соёлын хууль, сэргээн засварлах хууль гээд дундаас нь жижиг, жижиг хууль салбарлаж гараад байх юм.

-Гэтэл үндсэн барьж авах, том хууль нь алга. Танай холбоо сураг тавьж үзэв үү?

-Сураг тавихаар бэлдээд байна л гэх юм. Соёлын яамтай байх үед манай холбоо соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт байсан. Нэлээд дөхүүлсэн. Гэтэл яам нь татан буугдчихсан. Өнөөдрийг хүртэл Улсын их хурлаар ороогүй байна. Өнөөдөр бүх зүйл чөлөөтэй болсон нь сайхан. Хүссэн хүн бүр дуулж, бүжиглэж байна. Гэхдээ өндөр шалгууртай байсан соёл урлаг нэг шат доош буусан. Дахиад өндөр лүү тэмүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд яам нь, хууль нь, ёсзүй нь бидэнд хэрэгтэй.

-Бодлогын хувьд ямар ч зохицуулалт алга бололтой?

-Соёлын дархлаа, монгол ёс заншил гэдгээ бид хэрхэн хайрлан хамгаалж үлдэх вэ. Яам, бодлого байхгүйгээс болж олон уран бүтээлчийн эрх ашиг зөрчигдөж байгаа нь нууц биш. Ядахдаа л үр хүүхэд минь аялгуут сайхан монгол хэлээрээ зөв ярьж, бичиж чадаж байна уу.

Өчигдөр орой нь театрт жүжиг үзээд гарсан хүүхэд маргааш нь ангийнхантайгаа мэндлэх нь хүртэл өөр. Бид уг нь яамтай байж үзсэн. Одоо л өөрчлөлт ирэх байх гэж найдаж байсан ч юу нь болохоо байчихсан юм бүү мэд. Уран бүтээлчдээс ч асуулгүй татан буулгачихсан. Ер нь хатуухан хэлэхэд үе, үеийн Засгийн газар соёл, урлагийг дээрэлхэж ирлээ.

Монгол Улс цирктэй байсан. Манай цирк шиг барилга дэлхийд ховор. Гэтэл Монгол Улсын урлагийн нэгээхэн түлхэц болсон энэ байгууллагын хувь заяаг яагаад нэг айлын эрх мэдэлд өгч байгаа юм бэ. Циркчидэд очих газар алга.

Хүүхэд залуучуудын театр, Хүүхдийн кино театр гэж байлаа. Бид хэзээ ч хүүхэдтэйгээ хамт суугаад том хүний кино үзэж байсангүй. Хэрэв соёл руугаа эргэж харж, анхаарал хандуулвал энэ олон гэмт хэргийн тоо багасна, хүмүүсийн ухамсар дээшилнэ. Би төрийн томчуудыг бүгдийг нь хулгайч гэж боддоггүй. Гэтэл өөрсдөө хурал дээрээ бие биенээ 76 хулгайчаа гээд л хашгираад байх юм. Тэр хүн ёс зүйтэй. соёлтой байсан бол ийм үгс амнаас нь гарах уу.

-Хөрөнгө оруулалтгүй ганц салбар нь соёл урлаг гэх юм?

-Сумын төвийн клубт нэг дуу өндөрсгөгч авч өглөө. Хэдэн гэрэл нэмлээ гэхээс өөрөөр дээшилсэн зүйл алга. Ядахдаа л тэр тоног төхөөрөмжийг нь ажиллуулах боловсон хүчинг нь бэлдэх ёстой шүү дээ. Бидний үед театрын зураач гэдэг хүн гол багана байлаа.

Одоо энэ мэргэжлээр хүн бэлтгэхгүй байна. Үүнээс болоод уран бүтээлчид загварын хувцас өмсч тайзнаа гарч байна. Орон нутгийн театрууд нь хотод ирэхээрээ хаана ч хамаагүй мөнгийг нь өгөөд л оёулчихдаг. Жүжигчин нь дурын хувцсаа өмсөх жишээтэй. Энэ чинь л мэргэжлийн уран бүтээлчдийг сайн дурын уран сайханч болгож харагдуулаад байгаа юм. Үүнийг барьж, хэм хэмжээг нь тааруулах үүрэгтэй газар нь Соёлын яам байх ёстой.

-Мэргэжлийн урлагийн төлөөлөл болсон хамгийн том албан байгууллагыг та удирдаж байна. Яамтай, соёл урлагийн агентлагтайгаа хэр холбоотой ажиллаж байна?

-Манай байгууллагын хувьд анх байгуулагдсан үеэсээ үе, үеийн яамдуудтай холбоо, уялдаатай ажилладаг. Харин яг сүүлийн үед би агентлагтай холбоотой ажиллаж байна гэж үнэ-хээр хэлж чадахгүй нь.

-Та Монголын соёл урлаг цэцэглэн хөгжиж байх үед уран бүтээлээ хийж явсан. Тэр үе сайхан байсан биз?

-Үнэндээ бидний муу хэлээд байдаг социализмын үед соёл урлаг хөгжиж байсан юм шүү. Сонгодог урлагийн театртай болтлоо хөгжсөн. Хөлийн хуруун дээрээ бүжиглэдэг дэлхийн сонгодгийг хийнэ гэхэд малчин төрхөөр нь төсөөлвөл хол хэвтэнэ. Гэтэл бодлого байсан учир бид алдарт “Хунт нуур”-ыг тэр үед тавьж чадсан юм. Дэлхийн алдарт Шекспир, Молер, Шиллер зэрэг зохиолчийг мэдэж байгаа нь тэр үед соёлын бодлого ямар өндөр төвшинд байсныг гэрчилнэ.

Зууны мэдээ

Ч.Гантулга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button