Түрээсийн байранд ч тухтай амьдаръя

Улаанбаатар хотод 380 мянга гаруй өрх гэр байгаагийн 220 мянга нь гэр хороололд, үлдсэн нь орон сууцанд амьдарч байна. Орон сууцны оршин суугчдын багагүй хувь нь түрээсийн сууцанд оршин суудаг. Байр түрээслэгчдийн дийлэнх хувийг залуу гэр бүл эзэлдэг бөгөөд шинэхэн хосууд өндөр үнэтэй байр шууд худалдаж авахад хүндрэлтэй учраас ихэнхдээ байр түрээслэх замаар ая тухтай орчинд амьдрахыг илүүд үздэг. Бусад улс оронд ч энэ жишиг түгээмэл.

Хосуудын хувьд түрээсийн сууцандаа амьдралынхаа багагүй хугацааг өнгөрүүлдэг учраас тохь тухтай амьдрах нь чухал. Энэ миний өмч биш гээд анхаарал хандуулалгүй ундуй сундуй амьдрах нь өөрт болоод үр хүүхдэд ч сөрөг үр дагавартай. Учир нь хүүхдийн өсөж торнисон орчин ирээдүйд ямар хүн болох төлөвшилд шууд нөлөөлдөг. Замбараагүй, эмх цэгцгүй байдалд дасан зохицоод сурчихвал яг л тийм хүн болж хүмүүжнэ гэсэн үг. Хэрэв та хараахан өөрийн өмч болох байраа худалдан авч амжаагүй бол одоо байгаа газартаа амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлээрэй.

Нэг найз маань нөхөр хоёр хүүхэдтэйгээ түрээсийн байранд 4 жил амьдарсан юм. Тэд түрээсийн байрнаасаа гарч өөрийн гэсэн сууцтай болсныхоо дараа тэр харанхуй нүхэнд 4 жилийн турш ямар их мөнгө төлж амьдраа вэ гэж харамсан ярьж байсан юм. Гэхдээ нэгэнт л өнгөрсөн зүйлийн араас харамсаад хэрэггүй. Учир нь тэр хугацаанд найзын маань гэр бүл дулаан орчинд, халуун устай сууцанд амьдарсан шүү дээ. Харин хожмоо найз шиг маань харамсахгүйн тулд оршин байгаа газраа байнга гэрэлтүүлэх хэрэгтэй. Ядаж л багахан хэмжээний мөнгөөр дотоод засал хийлгээд тухтай амьдарсан бол тэгж харамсах сэтгэгдэл төрөхгүй.

Бид хүний юманд хүний л юм гэсэн сэтгэлээр ханддагаа болих хэрэгтэй. Харин ч бусдыг, бусдын эд зүйлийг хайрлаж байж өөрөө хайрлагдаж сайхан амьдрах учиртай. Хөгжилтэй орнуудад иргэд түрээсийн сууцаа эзэнд нь хүлээлгэж өгөхдөө яг анх хүлээж авсан шигээ засвар, цэвэрлэгээ хийж хүлээлгэн өгдөг. Энэ жишиг манай улсад тогтчихвол хичнээн сайхан. Түрхэн зуур ч гэлээ амьдарч буй орчин тойрноо үргэлж гэрэл гэгээтэй байлгаж, тохилог, тав тухтай байдлыг бий болгоорой. Ингэснээр өөрийгөө болон гэр бүлээ аз жаргалтай байлгана. Аз жаргалтай хүн бүтээмжтэй, амжилттай явдаг. Гэрт хуримтлагдсан муу энерги нь хүнийг ядрааж, уур уцаартай болгохоос гадна хэрүүл маргаан, мөнгөний хомсдол, өвчин зовлон цаашлаад гэр бүл салахад ч хүргэх аюултай гэж үздэг. Муу энергиэс салахын тулд хамгийн түрүүнд хуучин, хэрэггүй эд зүйлсээс татгалзах нь чухал. Жилээс илүү хугацаанд хэрэглэгдэхгүй байгаа зүйл өөртөө сөрөг энергийг татдаг. Иймээс гэртээ байгаа эвдэрхий, онгорхой цоорхой, хугархай бүхнээ засаарай. Аль болох хар бараан өнгөнөөс татгалзаарай, гэр тань гэгээтэй байх тусам таны сэтгэл санааг тайвшруулдаг. Магадгүй танд санхүүгийн хүндрэл байвал одоо цагт орон сууцны, засварын, тавилгын гээд олон төрлийн зээл гарсан. Тэдгээрээс өөрийн боломжиндоо нийцэхийг судлаад үзээрэй. Эцэст нь хэлэхэд түрээсийн байранд ч тухтай амьдрах хэрэгтэй шүү дээ.

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button