АТГ-аас “Таван толгой” компанийн ТУЗ-д анхааруулга өгчээ
Авлигатай тэмцэх газар “Таван толгой” ХК-тай холбоотой иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хянан шалгажээ.
Хянан шалгах явцад хэд хэдэн зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайлбал, “Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргыг томилохдоо тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн хяналт шалгалтаар тус компанийн мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнууд нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаагүй байна. Зүй нь бол Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээлийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” энэ хуулийн үйлчлэлд хамаарна, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргана гэж заасан. Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг нэн даруй авч дээрх хуулиудад заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг анхааруулж Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, “Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүллээ.
Эх сурвалж: АТГ