Долоон партизаны байгуулсан намыг ганцхан залуу “самарч” байна

МАН-ын 100 жилийн ой хариугүй дөхөж байна. 2021 онд 100 жилийн ойгоо нүсэр гоё тэмдэглэнэ гэж энэ намынхан мөрөөдөж суугаа нь лавтай.

Харамсалтай нь энэ түүхт ой нь Тусгаар тогтнолын ордондоо л ажин түжин болж өнгөрч магадгүй боллоо. Хатуухан хэлэхэд МАН-ынхан 100 жилийн ойгоо гудамжинд тэмдэглэнэ гэсэн үг.

Бүр шулуухан яривал МАН тэр үед бүрэн бүтэн байх уу, үгүй юу гэдэг ч эргэлзээтэй болоод ирлээ.

Энэ эргэлзээ хэдхэн хоногийн өмнө /2018.9.21-22/ болж өнгөрсөн Нийслэлийн МАН-ын хурлын дараа бүр ч ихээр лавшрах шиг боллоо.

Тус Бага хурлаас Нийслэлийн МАН-ын дарга тодрох ёстой байв. Энэ суудлын төлөө МАН-ын бүх фракц босч ирж тулалдсан. Тэгэх ч ёстой байлаа. Учир нь Нийслэлийн МАН Хотын фракцад харьяалагдаж олон жил явсан. Тэднээс салгаж “нийтийн” болгосон хүмүүсийн хувьд намдаа бол баатар болж байгаа юм. Тэд “… Хотыг 60 тэрбумбынхнаас салгалаа’' гэсэн PR-аа ч хийгээд эхэлсэн байна. Энэ нэг хэрэг.

Харин нөгөө талд МАН-ын түүхэнд байгаагүй үйл явдал болж “томчууд”-ынхаа нүдийг орой дээр нь гаргаад байна.

Нийслэлийн МАН-ын даргын суудлын төлөөх ажиллагаанд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцоод үзэлцчихсэн байгаа юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол Монгол Улсынхаар Ерөнхийлөгч юм. Намынхаа эв нэгдлийг хангаж, хариуцаж суудаг үүрэгтэй. МАН-ын дарга нь Ерөнхий сайд юм уу, УИХ-ын дарга болоод явчихдаг. Тиймээс нам дээрх бүх хар бор ажлаа ерөнхий нарийн бичгийн дарга нь хариуцдаг. Айлаар бол ар гэрээ хариуцаж явдаг ээж л гэсэн үг. Бас эрх мэдлийн хувьд ч хязгааргүй. Засагт орсон сайд нар түүний өмнө номхон зогсох ёстой. Тэгэхээр бусад эрх мэдэл нь ойлгомжтой.

Гэтэл өнөөх Ерөнхийлөгчийн, ээжийн үүрэгтэй Д.Амарбаясгалан маань Нийслэлийн МАН-ын даргыг Су.Батболдод биш Д.Сумъяабазарт өгөх ёстой гээд ажиллачихсан байгаа юм. Магадгүй, эзгүй байсан намын дарга нь ийм чиглэл өгснийг үгүйсгэхгүй. Гэхдээ Д.Амарбаярсгалан МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд яг энэ асуудал дээр тун ерөнхий бодлого барих ёстой байсан юм.

Бас МАН бол 98 “нас”-тай нам. Энэ түүхэн хугацаанд нь МАН-ын болоод Монгол Улсын үйл хэргийг Төв хороо нь буюу одоогийн Удирдах зөвлөл нь шийдэж ирсэн байдаг юм.

Аливаа асуудалд Удирдах зөвлөл нь шийдвэр гаргадаг. Тэр нь Их, Бага хурлынхаа чиглэл болж өгдөг байв. Яг үнэндээ МАН-ынхан эв нэгдэлтэйгээр, нэгэн туган дор явж ирснийх нь ганц шалтгаан Удирдах зөвлөл нь байсан байгаа юм.

Гэтэл сая болсон Нийслэлийн МАН-ын Бага хурал дээр Удирдах зөвлөлийнхөө чиглэлийг хэрэгсэлгүй орхисон. Яг тэр орой МАН-ын Удирдах зөвлөл “шүдгүй арслан” болоод хувирчихаж байгаа юм.

Тэр хурал дээр үзэгдээгүй ч энэ ажиллагааг удирдсан хүн нь ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байсан гэж МАН-ынхан тэр чигтээ ярьж байна. Уг нь мань эр Удирдах зөвлөлөө өөрөө зохион байгуулж, гарах чиглэл шийдвэрийг нь гараараа оруулж байдаг албан тушаалтан юм.

Ерөөс энэ намын Удирдах зөвлөл, дээр үеийнхээр Төв хороо нь олуулаа шийдвэр гаргадаг учраас бүх гишүүн нь үг дуугүй шахам дагаж ирсэн гэдэг юм. Одоо бол У.Хүрэлсүх тэргүүтэй 30 хүн Удирдах зөвлөлийг бүрдүүлдэг.

Тэд Нийслэлийн МАН-ын Бага хурлын өмнөх өдөр хуралдаад, санал хураагаад асуудлыг шийдсэн. Су.Батболдыгоо нэр дэвшүүлж, зүтгүүлье гэж олонх нь санал өгсөн байгаа юм.

Гэтэл Бага хурал нь шөнө дундаас эхлээд өөрөөр эргэж, өглөө болоход Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын дарга болсон байв. Хэн дарга болсныг энд онцлох гэсэнгүй. Харин Удирдах зөвлөлөө удирддаг ерөнхий нарийн бичгийн дарга нь огт Удирдах зөвлөлгүйгээр, дүрэмгүй тоглосонд учир байгаа юм. Ингэхдээ хүчингүй саналын хуудсыг нэмж тоолж байж 50-аас дээш буюу олонхийн санал авсан болгож даргын сонгуулийг дуусгасан гэх мэдээлэл яваад эхэллээ. Энэ нь одоо бас хэрүүлийн алим болж, Нийслэлийн МАН-ын Бага хурал дахиж, Нийслэлийн МАН-ын даргыг дахиад сонгохоор болж ч магадгүй гэж байна.

Үүний зэрэгцээ МАН-ын Удирдах зөвлөл гэж хүч муутай, хуралдаад гаргасан шийдвэр нь хэрэгждэггүй бүтэц болж хувирав. Одоо тэгэхээр МАН-ын шийдвэрийг намын дарга У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хоёрын нэг гаргана гэсэн үг. Үүнийг МАН-ынхан хүлээн зөвшөөрөх үү.

Яг үнэндээ Д.Амарбаясгалангийн энэ дүрэмгүй тоглолтын дараа хоёр том ноцтой үр дагавар гарч ирж байгаа юм.

Илрэх, хэрэгжих цаг хугацаагаар нь хэлэхэд намын даргынхаа тэргүүлсэн Засгийн газрыг хадан хясааны ирмэгт аваачлаа. У.Хүрэлсүхийг АНУ-д айлчилж явахад 32-ын бүлгийнхэн нь цуглаж, дөрвөн сайдыг “сугална” гэж ярьсан байна. Улмаар Засгийн газрыг ч ганхуулах боломжийг хэлэлцсэн гэж байгаа.

Дараа нь МАН-д өрнөх бужигнааныг ярих ёстой. Су.Батболдын суудлыг алдлаа гээд Хотын фракц нь шууд уначихгүй. Удирдах зөвлөлийг унагасан, намын ерөнхий нарийн бичгийн дарга нэг талд гарч тоглосон гэдэг Хотын фракцынхан, бас 32-ын бүлгийхнийг “өрвөлзүүлэх” хангалттай шалтгаан юм.

МАН-д өрнөх энэ бужигнаан 2020 оны сонгуулийн өмнө дуусахгүй нь тодорхой.

Тиймээс л МАН-ынхан 100 жилийн ойгоо хаана тэмдэглэх вэ гэж асуугаад байгаа юм.

Хамгийн тодорхой нэг зүйл бол 98 жилийн тэртээ ардын хувьсгалын долоон партизаны байгуулсан намыг ганцхан залуу “самарч” байна шүү.

Зууны мэдээ

Б.Дамдин-Очир

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button