Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 30 хувьтай байна

Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Кумар Сингх тэргүүтэй төлөөлөгчид газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцах зорилгоор өчигдөр /09.30/ Дорноговь аймагт ажиллалаа.

Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт газрын тос боловсруулах үйлдвэрийн шавийг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар цахилгааны дэд станц, агаарын шугам, төмөр зам, автозам зэрэг газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 30 хувьтай хийгдэж байгаа бөгөөд дэд бүтцийн ажлуудыг 2019 оны зургадугаар сард дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

\

Дэд бүтцийн ажлын туслан гүйцэтгэгчээр орон нутгийн долоон компани, 100 гаруй иргэд болон орон нутгийн иргэдийн техник хэрэгслийг татан ажиллуулж байна.

\

Энэхүү үйлдвэр нь жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

\

Х.Хулан

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button