МУГЖ М.Бадамгаравын хөшөөг босгохоор хандив цуглуулж байна
“Аман хуур” киноны Дарь авгай, “Өнөр бүл” киноны үйлдвэрийн даргын эхнэр гээд монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн олон сайхан дүрийн эзэн МУГЖ М.Бадамгарав гуайн 100 насны ой ирэх жил тохионо. Энэхүү ойг тохиолдуулан түүний үр хүүхэд, ач зээ нар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын хөшөөг нь босгохоор болж, иргэдээс хандив цуглуулж эхэлжээ.
Энэ талаар түүний хүү, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн П.Батчимэг цахим хуудастаа "Миний ээж, Монгол Улсын тайз, дэлгэцийн урлагийн алтан үеийн нэрт зүтгэлтэн, гавьяат жүжигчин Мятавын Бадамгарав 1919 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Тэрээр урлагийн салбарт удирдах түвшинд ажиллаж байгаад хожим “Монгол кино” үйлдвэрт жүжигчин, найруулагчаар ажиллаад гавъяаны амралтандаа гарсан юм.
Ээж маань 50 гаруй жүжиг, 30 орчим уран сайхны болон телевизийн олон ангит кинонд тоглосноос гадна гадаад, дотоодын олон зуун кинонд дуу оруулан, “Улаан дарцаг”, “Өглөө”, Баянбулагийнхан” зэрэг киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан билээ. Ээжийн маань 100 насны ойн ажлын хүрээнд ууган хүү миний бие ээжийнхээ намтар түүх, уран бүтээлийн тухай ном бичих, баримтат кино хийлгэх, Улаанбаатар хотод дурсгалын хөшөөг нь босгох ажлыг эхлүүлээд байгаа билээ. Одоогийн байдлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын хөшөөг нь байрлуулах зөвшөөрлийг аваад байна.
Уг хөшөөг босгох зардлыг улс гаргах боломжгүй гэсэн тул монголын киноны давтагдашгүй дүрүүдийг харж сэтгэл баясан бахдан хүндэлдэг эрхэм үзэгч Та бүхэнд хандаж байна. Энэхүү хөшөөг босгох үйлст ганц нь ганцдахгүй хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Та бүхний оролцоо тусыг бид олон түмэнд танилцуулах болно.
Хандив хүлээж авах данс: Голомт банк, дансны дугаар: 3155111170" гэжээ.
Х.Хулан