Шүүгчийн ачааллыг бууруулахын тулд шүүгчдийг томилолтоор ажиллуулж байна

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Хэвлэлийн бага хурлын үеэр "Шүүгчийн ачаалал” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, "Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгаа” хийсэн багын судлаач, хуульч Г.Цагаанбаяр нар мэдээлэл хийлээ. Мөн "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-өөс иргэд ямар мэдээлэл авах боломжтой талаар Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Б.Билгүүн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар "Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв” нийслэлийн 6 дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын эрүү, иргэний анхан шатны шүүхүүдэд шүүгчийн ажлын ачааллыг тооцох судалгааг анх удаа хийжээ.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаар шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын ачааллыг судалж, холбогдох арга хэмжээ авах, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа мэдээллийн эхэнд тодотгосон юм.

Тэрбээр "Хот болон хөдөө орон нутагт ажиллаж байгаа шүүгч нарын ажлын ачаалал тэнцвэртэй биш байгаа. Шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх шаардлага байгаа. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарыг томилолтоор ажиллуулж байна. Судалгааны явцад шүүгчийн ажлын ачаалалтай холбоотой нарийн тоон мэдээллүүд гарсан. Судалгааны дүнг ажил хэрэг болгож ажиллана. Шүүгчийн орон тоо дутуу байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Жишээ нь баруун аймгуудад давж заалдах шатны шүүх хуралдаан хийхэд бүрэлдэхүүн хүрдэггүй. Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн шүүгч нар томилолтоор ажиллаж байгаа” гэлээ.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын ачааллын хувьд:

 

Судалгаанд хамрагдсан 6 дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэг шүүгчид жилд 73.4 хэргийг шийдвэрлэхэд 229 өдөр зарцуулж байгаа хэвийн ачаалалтайг судалгаа харуулж байгаа, мөн эрүүгийн хэргийн шүүгчид жилд 75 хэрэг шийдвэрлэхэд ачаалал хэвийн байна гэснээс үзвэл Монгол улсын хэмжээнд нэг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 75 хэрэг шийдвэрлэдэг байхаар ажлын ачааллын норматив тогтоох боломжтой байна.

 

Зургаан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид ногдох хэргийн тоо харилцан адилгүй байгаа тул ажлын ачааллыг тэнцвэржүүлж аль болох нэг шүүгчид 75 хэрэг ногдох байдлаар ачааллыг хуваарилах шаардлагатай.

 

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын ачааллын хувьд:

 

Судалгаанд хамрагдсан 6 дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэг шүүгчид 310 хэргийг шийдвэрлэхэд 323 өдөр зарцуулж байгаа нь ачаалал харьцангуй ихтэйг харуулж байна. Шүүгч жилд 230 өдөр ажиллана гэж үзвэл 93 өдрөөр ажлын ачаалал илүү байгаа бөгөөд үүнийг ажлын өдөр болон амралтын өдөр ажиллаж нөхөж байна. Илүү ажиллаж буй 93 өдөр нь ажлын 744 цаг болж байгаа бөгөөд шүүгч жилд 1840 цаг ажиллах ёстой гэж үзвэл 40 хувиар илүү ачаалалтай ажиллаж байна.

 

Иймд шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ба тухайлбал 6 дүүрэгт шүүгчийн орон тоог 31-ээр нэмэгдүүлэх тооцоолол гарч байна.

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын ачааллын хувьд:

Монгол Улсын Их Хурлын 2016 оны42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 20 орон тооны шүүгч ажиллахаар баталсан боловч өнөөг хүртэл 5 шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байна. Иймээс тус шүүхэд батлагдсан орон тооны шүүгчийг дээрх тогтоолд заасны дагуу томилох; Шүүгчийн орон тоо дутуу байгаатай холбоотойгоор шүүгч нарт улирлаас хамаарсан ачаалал үүсч байгаа тул энэхүү ачааллыг бууруулахын тулд дээр дурдсан шүүгчийн орон тоог нэмэх талаар анхаарах шаардлагатай.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд (Улаанбаатар) нэг шүүгчид 50.5 хэрэг ногдож байна. Энэ хэргийг шийдвэрлэхэд ажлын 215.8 ажлын өдөр болж байна.

 

Судалгаанд хамрагдсан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 47 хэрэг буюу нэг шүүгчид 15.66 хэрэг шийдвэрлэсэн /нийтдээ 67 ажлын өдөр зарцуулдаг/ байна. бол Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 27 хэрэг буюу нэг шүүгчид 9 өдөр /нийтдээ 38.45 ажлын өдөр зарцуулдаг байна/ хэрэг шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

О.Сайхан

Оллоо.mn 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button