”Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа зөрчдөг байж болохгүй”
Тэрбээр намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг тоймлож үгээ хэлээд төгсгөлд нь зун, намрын турш УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулга нараас тавьж байсан шаардлагад хариу өгөв.
Энэ зунжингаа намаржингаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд ээлжит бус чуулган хуралдуулж, АТГ-ын дарга нарыг албан тушаалаас нь авч хаячих гээд үзсэн боловч амжилт олоогүй юм.
АТГ-ын даргыг огцруулж чөлөөлөхгүй байх цаад асуудал учир шалтгаан М.Энхболд даргад ч байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. Яагаад гэвэл 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулан тайлбарладаг.
Тэгвэл М.Энхболд дарга АТГ-ын даргыг огцруулах чөлөөлөх үндэслэл хуульд нийцэхгүй байгаа талаар дараах мэдээллийг өгчээ.
Тэрбээр чуулганы нээлтийн үгийн төгсгөлд “УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан.
Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг.
Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй.
Өнгөрсөн хугацаанд уг саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлсэн. Зөвлөлөөс хуулийн үндэслэлийг нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хэлье” гэлээ.
О.Сайхан
Оллоо.mn