Байдраг голыг улаанаар нь эргүүлж байгаа компаниудад хууль үйлчлэхгүй байна
Тэд Баянхонгор аймгийн Засаг дарга, Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг нар Жаргалант сумын Бөөргийн голд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алт олборлолт хийлгэж, Заг, Бөмбөгөр, Бууцагаан, Баацагаан, Жаргалант зэрэг таван сумын иргэд, мал ундаалдаг “Байдраг” голын эхийг бохирдуулж, усыг улаанаар нь эргүүлж байгаа талаар онцлов.
“Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын тэргүүн А.Энхтөр “Нөхөн сэргээлт хийх нэрээр манай сум орон нутагт 2013 оноос олон алт, уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж байна.
Тухайлбал, “Агь хаарвис”, “Жамп”, “Оргил моунт” зэрэг компаниуд хууль бусаар алт олборлож, газар нутаг сүйтгэж байна. Нутаг орныг минь цөлмөж, цөмсөн боргоцой шиг болголоо. Алт олборлож, бохироо Байдраг гол руу хийж байгаа компаниудын хууль бус үйл ажиллагааг нь зогсоох гэж тэмцэж байгаа ч ямар ч үр дүнд хүрэхгүй байна. Одоо Ерөнхийлөгчид хандъя. Мөн шүүхэд хандахаар ирлээ. Шүүх бидний талд шийдвэрээ гаргана гэдэгт найдаж байна.
Дээрх гурван компанийг Засаг дарга нар гэрээ хийж нутаг руугаа оруулсан бөгөөд үүнээс нь болж Байдраг гол болон бусад гол, булаг шанд гол, ус бохирдож, ширгэхэд хүрээд байна. Байдраг гол Бөөнцагаан нуур хүртэл 300 орчим км урсдаг цор ганц гол.
МХЕГ болон БОАЖЯ мөн аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагууд үйл ажиллагааг нь зогсоох акт гаргасан байхад л ил цагаанаар үйл ажиллагаагаа явуулсаар гол бохирдуулсаар байна.
Дээрх зөрчлүүдийг сумын байгаль орчны байцаагч илрүүлэн акт тавьж үйл ажиллагааг нь зогсоохоор оролдож байгаа боловч аймаг, сумын удирлагууд нь гэрээ хийгээд оруулчихсан гэсэн үндэслэлээр аймгийн МХГ, Байгаль орчны газар, цагдаагийн газрууд нь хамтарч ажиллахгүй, үйл ажиллагааг нь зогсоохгүй байгаа.
Мэргэжлийн хяналт болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ч шалгалт орууллаа. Төрийн байгууллагууд нь нөлөөнд авчихсан шалгалт хийсэн нэрийдлээр иргэдийг хуурч мэхэлж байна. Албадан зогсоох, газар чөлөөллүүлэх, компаниудыг хуулийн байгууллагаар шалгуулж хариуцлага тооцуулахгүй байна. Арга барагдаад Ерөнхийлөгч Х.Баттулга болон шүүхэд хүсэлт гаргаж байна” гэв.
Мөн “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын УЗ-ийн гишүүн Ж.Энхдөлгөөн “Баянхонгор аймгийн Жаргалант суманд 2-3 компани хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компани нь нөхөн сэргээлт огт хийдэггүй, сум хөгжүүлэх сангийн дансанд 100 сая төгрөг төлдөг ч уг мөнгийг орон нутгийн удирдлагууд захиран зарцуулж, нөхөн сэргээлт нэрийдлээр уул уурхайн компаниудын хууль бус үйл ажиллагааг Баянхонгор аймгийн Засаг дарга болон тус аймгийн Жаргалант сумын Засаг дарга нар өөгшүүлж байна.
Цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын байгууллагаас хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүгнэлт гарсан байхад өнөөдрийг хүртэл ажилласан хэвээрээ байна. Хамгийн гол нь нөхөн сэргээлт гэсэн нэрээр их хэмжээний мөнгө авч, эсвэл сумынхаа сургууль цэцэрлэгийн нэг асуудлыг дээрх компаниудаар шийдүүлээд алт ухуулж, усаа бохирдуулж байна. Гэвч хачир дээрээ нөхөн сэргээлт хийдэггүй. Бүр томсгож газар нутгийг эвдэлчихээд явдаг.
Тиймээс манай төрийн бус байгууллагаас шүүхийн байгууллагад хандсан байна. Дээрх гурван компанийн буруу, шуналтай дарга нарын шуналаас болж ард иргэд усгүй, мал нь өвчилж үхэх аюулд хүрэх вий дээ" гэлээ.
Ийнхүү шат шатны байгууллагад удаа дараа хандсан ч байдал хэвээрээ, харин ч ус улаанаар урсаж байгаа талаар мэдээлэв. Тиймээс хууль бус үйлдлийнх нь эсрэг тэмцэж байгаа бидэнд үр дүн хэрэгтэй тул Ерөнхийлөгч болон шүүхэд хандаж хүсэлт гаргаж байгаагаа онцлов.
О.Сайхан
Оллоо.mn