Технологи, инновацийн эрх зүй, бодлогын орчинг боловсронгуй болгох талаар ярилцав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Финлянд улсын “НИРАС” зөвлөх компанийн төлөөлөлтэй уулзаж Шинжлэх ухаан технологи, инновацийн эрх зүй, бодлогын орчинг боловсронгуй болгох талаар санал солилцлоо.

Манай улсын шинжлэх ухаан, технологийн салбар 1990 онд Зөвлөлт маягийн хуучин тогтолцооноос зах зээлийн хэлбэрт шилжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 30 орчим жилд маш олон шинэчлэх оролдлогыг уг салбарт хийж ирсэн. Тухайлбал, 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай багц хуулийг, 2012 онд Инновацийн тухай хуулийг тус тус УИХ-аар батлуулан эрх зүйн орчноо бүрдүүлсэн. 2007 онд Шинжлэх ухаан, технологийг 2020 он хүртэл хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-г ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр боловсруулан хэрэгжүүлж байна. Гэвч зах зээлийн эдийн засаг бүхий тогтолцоонд шилжээд удаагүй байгаа манай орны хувьд тодорхой хүндрэлүүд тулгарч байгаа бөгөөд эдгээрийг шийдвэрлэхэд шинжлэх ухаан технологийн уламжлалт тогтолцоотой, хөгжингүй орнуудын туршлага, олон улсын байгууллагын дэмжлэг маш чухал байгаа юм.  Иймээс Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам шинжлэх ухаан технологи, инновацийн салбарын эрх зүй, бодлогын орчныг боловсронгуй болгох суурь судалгааг Финлянд улсын “НИРАС” зөвлөх компаниар захиалан хийлгэж буй.

 

Өнөөдрийн уулзалтын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа олон талаараа манай улстай ижил төстэйн дээр шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт үсрэнгүй дэвшил хийж буй Финлянд улсын зөвлөх компанитай хамтран ажиллаж буйдаа талархал илэрхийлээд үндсэн таван асуудал дээр төвлөрөн анхаарч оновчтой, тодорхой тайлан, зөвлөмж гаргаж өгөхийг хүссэн юм. Үүнд:

– Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарыг улс орны эдийн засгийн бодит салбаруудтай хэрхэн холбон хөгжүүлэх, үүний тулд ямар ямар бодлого, эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хийх, – Шинжлэх ухаан, технологийн үйл ажллагааны төсвийн бус санхүүжилтийн олон янз, хэлбэрийг хэрхэн бий болгох, үүний тулд татварын болон санхүүгийн бусад хөшүүргийг хэрхэн ашиглах, – Шинжлэх ухаан, технологийн удирдлагын тогтолцоо, бүтцийг хэрхэн оновчтой зөв бүрдүүлэх, – Шинжлэх ухааны байгууллага, их сургууль болон аж үйлдвэр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрхэн үр ашигтай зохион байгуулах, үүний тулд ямар механизмыг бий болгох,  – Оюуны өмчийн эрхийн хамгаалалт болон ашиглалтыг хэрхэн зохион байгуулах зэрэг манай улсын хувьд үгүйлэгдэж буй асуудлуудад оновчтой хариулт авахыг хүсч буйгаа албан ёсоор уламжиллаа.

Дашрамд дуулгахад Финлянд улс нь хүн ам цөөн, эрс тэс уур амьсгалтай, том хөрш орнуудын нөлөөлөл ихтэй зэрэг олон талаараа манай улстай төстэй түүнчлэн шинжлэх ухаан, технологи, инновацийн салбартаа сүүлийн 30 гаруй жилд маш том дэвшил хийж буй улс аж.

Эх сурвалж: БСШУСЯ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button