Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо эхэллээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон насны ангиллын дагуу эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт “Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг”-ийг ЭМД-д даатгуулагч иргэн бүрт ЭМД-аас санхүүжүүлэн зохион байгуулж байна. Товлолыг ЭМД-ын үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2 удаа, ЭМС-ын зөвлөлийн хуралдаанаар 3 удаа хэлэлцүүлж шийдвэрлэсэн юм.
Ингэхдээ дөрвөн насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгүүдийг багцлан хамруулна. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэх ба энэ үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах юм.
Даатгуулагчид 18-34 насны урьдчилан сэргийлэх багцад БЗДХ, Сүрьеэгийн илрүүлэг үзлэг орно. 40-өөс дээш насны даатгуулагчид нийт 8 төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгийг хийнэ. Ингэснээр Зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд болон хорт хавдарыг эрт илрүүлж, эмчлэх боломжтой.