ТЕГ-аас 1.3 сая ам.долларын авлига өгсөн гэх хятадуудын гэрт нэгжлэг хийлээ

-Дөрвөн ширхэг битүүмжилсэн хайрцагийг эд мөрийн баримт болгон хураан авч явав
 

Лицензийн хэргээр бусдад их хэмжээний авлига өгсөн хятадуудад холбоотой хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлжээ.

Өнөөдөр энэ хэрэгтэй холбогдуулан тус газраас гадаадын тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явууллаа.

Тодруулбал,  “Голомт” хотхоны С блокын барилгад гүйцэтгэх ажиллагаа явуулах гэж байна гэсэн мэдээллийн мөрөөр 13.00 цагийн үед очиход тагнуулын хувцастай нүүр амаа хаасан алба хаагчид тус хотхоны гаднах талбайг битүүмжилж хамгаалалтад авч зогсч байв.

 

Мөн хотхон руу хүн оруулахгүй байсан юм. Хоёр цаг гаруй хугацаанд нэгжлэг хийсний дараа дөрвөн ширхэг битүүмжилсэн хайрцгийг авч гарч гарсан. Хамгийн эхлээд нэг цэнхэр хайрцгийг орцноос гаргаж ирж машинд хийсэн бол нэлээд удсаны дараа гурвыг гаргаж ирж хийгээд машинуудаа асаагаад хөдөлсөн юм.

Харин ажиллагаа явуулж дууссаны дараа нэг алба хаагч нь “Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явуулсан. Нотлох баримт бүхий бичиг баримтыг хураан авсан. Өглөө 11.00 цагаас хойш гүйцэтгэх ажиллагаа явууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Тагнуулын ерөнхий газраас аваарай” хэмээн хэллээ.

Тус орцны….тоотод нэгжлэг явуулснаас баривчилгаа хийгээгүй гэсэн мэдээлэл байгаа ч зарим албаны эх сурвалж үгүйсгэж байна.

ТЕГ-ын алба хаагчид авлигын хэргээр нэг хятадыг баривчилж машиндаа суулгаж авчраад амьдардаг байсан байранд нь нэгжлэг хийсэн гэх.

Тодруулбал, ЦЕГ-ын удирдах албан тушаалтан болон шүүхийн шинжээчдэд 1.3 сая ам.долларын хахууль өгсөн хятадуудыг баривчлахаар орсон ч баривчилсангүй, нэгжлэг хийгээд зарим нэгэн баримт бичгийг, их хэмжээний мөнгөтэй хамт хураан авсан гэж байгаа юм.

 

Гэхдээ байрны хонгилоор баривчилж, машинд суулгасан байхыг үгүйсгэхгүй гэсэн юм. Яагаад гэвэл орон сууцны хаалгаар буюу олон нийтийн өмнө ил харуулахгүй гэж бодсон байж магадгүй гэв.

 

1.3 сая ам.долларын хэргийг АТГ-аас шалгаж байгаа хэдий ч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, улстөрчидтэй холбогдсон томоохон хэрэг учраас ийнхүү ТЕГ-аас оролцож байгаа аж. Яагаад гэвэл улс орны аюулгүй байдлын төлөө заналхийлсэн хэрэг учраас ТЕГ-ынхан шалгаж, оролцох ёстой юм байна.

 

ЦЕГ-т удирдах алба хашдаг Б гэгчийн гэрээс нийт 1.3 сая доллар буюу /гурав орчим тэрбум төгрөг/-ийг АТГ-ынхан хураан авсан. 

Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газрыг булаацалдсан Хятад иргэд бусдад их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй хэргийг АТГ-ынхан шалгах явцдаа Б-ын "Баянгол" зочид буудлын дэргэдэх “220К реcиденс” байрнаас дээрх мөнгийг олсон байдаг. Улмаар бэлэн мөнгийг хураан авч битүүмжилсэн билээ.

 

Хятадууд манай улсын хоёр иргэнээр дамжуулж, УИХ-ын гишүүдийн оролцоотойгоор нүүрсний орд газрын лицензийг авах гэж санаархаж байж болзошгүй баримт олдоод байгаа юм. Уг хэрэгт Б-ээс гадна АТГ, ТГ-ын дарга нар, УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн нэр холбогдсон гэх мэдээлэл бий. 

 

“Голомт” хотхоны харуул “Энэ байранд хятадууд их амьдардаг. Түрүүн нэг хятад иргэн ирээд энэ үйл ажиллагаа хараад “юу болоод байгаа юм бэ” гэж асуугаад явсан. Удалгүй зураг аваад яваад байсан. Энэ орц болон айлууд руу ордог камерийн бичлэгийг хаачихлаа. Юу ч харагдахгүй байна. Мэдэх юм алга. Ямартаа ч хятад иргэд олон байдаг” гэв.

 

Мөн хятадууд тус байрны гадуур зураг авч бичлэг хийгээд явж харагдав. Нэг иргэнээс зарим зүйлийг тодруулахыг хүсэхэд “Тэрбээр би энэ байранд амьдардаггүй. Мэдэхгүй” гээд яваад өгөв. Гэвч тэр иргэнийг энэ байранд амьдардаг гэдгийг манаач нь хэлсэн юм.

Ийнхүү ТЕГ-ын тусгайгийнхан нэгжлэгийг ажиллагаа хийгээд явсан бөгөөд өдөр 15.30 цагт тодорхой мэдээлэл өгнө гэлээ. Энэ талаар эргэн мэдээлэх болно.

\

\

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button