МҮИС-ийнхан БОАЖЯ-ны алба хаагчдыг зодож танхайрчээ
Тус сургууль Богдхан уулын баруун амыг эзэлж, автомашины зогсоол болгосон. Тэнд зогссон машин болгоноос 1000-5000 төгрөг авдаг гэсэн мэдээлэл байсан юм.
Тэгвэл энэ сургуулийнхан ариун цэврийн байгууламж барих асуудлаас болж БОАЖЯ-ны алба хаагчдыг зодож танхайрчээ.
Тодруулбал, БОАЖЯ-наас өнгөрсөн жил Богдхан уулын Зайсангийн аманд 264 автомашины зогсоол барих шийдвэр гарсны дараа бөөн асуудал үүсч байсан. Дархан цаазат газар 42 га газар эзэмшиж байгаа “Энигма” компанийн газраас 3 га газрыг нь төрийн мэдэлд авна гэсэн шийдвэрийг эсэргүүцэж Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн оюутнууд тус яамны үүдэнд жагсаал хийж, шийдвэрээ цуцлахыг шаардаж байсан билээ.
Газрын тухай хуулийн 46.2 дээр “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагын үндсэн дээр ашиглалтад байгаа газрыг нөхөн төлбөртэй болон төлбөргүйгээр авч болно” гэсэн хуулийн заалт байдаг аж.
Үүнийг үндэслэн “Энигма” компанийн газраас хэсэгчлэн цуцалж байв. Тэгвэл Богдхан уулын Зайсангийн аманд баригдсан авто зогсоол дээр ариун цэврийн байгууламж барих шийдвэрийг БОАЖЯ-наас гаргаж, ажлаа эхлүүлэх гэтэл бас л бөөн хэрэг маргаан мандсан байна.
Энэ талаар Богд Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн А.Оюут “Богдхан уулын Зайсангийн аманд баригдсан авто зогсоол дээр нийтийн ариун цэврийн байгууламж байгуулах гэж байгаа юм. Энэ бол БОАЖЯ-наас захиалгаар хийж байгаа ажил. Гэтэл МҮИС-ийнхан “Манай газар дээр байгууламж барих гэлээ” гээд төрийн албан хаагчдын биед гар хүрч, олон хүнийг зодчихлоо. Энэ нь төр хувийн хэвшлийн өмнө хүчгүй байгаагийн илрэл гэж бодож байна. Био ариун цэврийн байгууламжийг Улаанбаатарын иргэдийн эрүүл ахуйг хангах зорилгоор төрөөс бодлогоор барих гэж байгаа юм” гэжээ.
Богдхан уулын дархан цаазат газарт буюу Зайсангийн аманд “Энигма” гэх компани 2003 оноос хойш газар эзэмшиж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж иржээ.
Тус компани нь 41 га газар эзэмшдэг бөгөөд үүний 3 га-д нь автомашины зогсоол барихаар Засгийн газраас шийдвэрлэж, улмаар бөөн хэл ам сүр дуулиан болж байж чөлөөлж, зогсоолтой болсон. Гэтэл одоо ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэх гэтэл ийнхүү эсэргүүцэж, хэрэг маргаан үүсгэж чирэгдэл учруулжээ.
О.Сайхан
Оллоо.mn