Нидерландын Хөгжлийн Банк (FMO) Европын 4 хөгжлийн банктай хамтран ХААН Банкинд 120 сая ам.долларын, урт хугацаат зээлийн санхүүжилт олгохоор боллоо
Нидерландын Хөгжлийн Банк (FMO)-наас дэлхийн нэр хүндтэй дөрвөн хөгжлийн банктай хамтран ХААН Банкинд 120 сая ам.долларын урт хугацааны зээлийн санхүүжилт олгох гэрээг ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, Нидерландын Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Дейв Смит нар үзэглэлээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд Монголбанкны удирдлагууд, ХААН Банкны ТУЗ-ийн дарга ноён Хидео Савада, “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан тэргүүтэй ТУЗ-ийн гишүүд оролцлоо. Монгол Улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлт гарсан байдаг. Тэгвэл 2018 онд Монголд гаднаас орж ирж байгаа, тэр тусмаа хувийн аж ахуйн нэгжид оруулж буй томоохон хөрөнгө оруулалт нь ХААН Банкинд олгож буй энэхүү 120 сая ам доллар буюу 300 тэрбум төгрөгийн урт хугацааны зээлийн санхүүжилт юм.
Нидерландын Хөгжлийн Банкны зүгээс харилцагчиддаа хүргэж буй санхүүгийн үйлчилгээ, ил тод сайн засаглал, санхүүгийн чадавхиас гадна Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилладаг, мөн жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр Монголдоо тэргүүлэгч банк зэрэг үзүүлэлтийг нь үндэслэн уг санхүүжилтийг ХААН Банкинд олгожээ. Энэ ч үүднээсээ ХААН Банкыг Монгол дахь чухал түншээ хэмээн онцолж, томоохон итгэл хүлээлгээд байна.
Хамтарсан зээлийн санхүүжилтийг зохион байгуулагч Нидерландын Хөгжлийн Банк (FMO) 45 сая ам.доллар, Германы хөрөнгө оруулалт хөгжлийн банк (DEG) 23 сая ам.доллар, Бельги улсын хөгжиж буй орнуудыг дэмжих хөгжлийн агентлаг (BIO) 17 сая ам.доллар, Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB) 20 сая ам.доллар, Австрийн хөгжлийн банк (OeEB) 15 сая ам.долларыг тус тус бүрдүүлж буй юм.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл хэлсэн үгэндээ “Нидерландын Хөгжлийн Банкнаас манай банкинд итгэл хүлээлгэж, урт хугацаанд хамтран ажиллаж байгаад баяртай байна. Энэ хамтын ажиллагаа нь ХААН Банкны амжилттай өсөлт, санхүүгийн эх үүсвэрийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулаад зогсохгүй цаашид олон улсын санхүүгийн бусад байгууллагуудаас эх үүсвэр татах боломжуудыг бидэнд бүрдүүлж өгч байна. Мэдээж хэрэг 120 сая ам.доллар бол гадны санхүүгийн байгууллагуудаас ХААН Банкинд өгч буй томоохон дүнтэй санхүүжилт гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэхүү санхүүжилтийг авснаар бид Монголын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүү өргөн хүрээнд, хүртээмжтэй, хямд, таатай нөхцөлөөр зээл олгох юм” хэмээн онцоллоо. Нидерландын Хөгжлийн Банкны Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Линда Брокуйзен “Нидерландын Хөгжлийн Банкнаас ХААН Банктай ийнхүү урт хугацаанд, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж байгаадаа баяртай байна. 120 сая ам.долларын хамтарсан санхүүжилтийг олгосноор тус банкны 2.4 сая харилцагч төдийгүй Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
ХААН Банк жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд ихээхэн анхаарч ирсэн бөгөөд бичил болон жижиг дунд бизнесийнхэнд хамгийн хүртээмжтэй, хямд, таатай нөхцөлтэй зээл олгоход энэхүү санхүүжилтийг 100 хувь зарцуулахаар төлөвлөж буй. 120 сая ам долларын урт хугацааны зээлийн санхүүжилтийг авч чадсан нь Монгол улсын эдийн засаг сайжирч, хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл сайжирч байгаагийн дохио юм. Мөн долларын ханш өсөж, импортын хэмжээ нэмэгдэж буй энэ үед гаднаас өндөр дүнтэй валютын урсгал орж ирэх нь валютын нөөцийг нэмэгдүүлэх, ханшийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой билээ.