АМГТГ Х.Хэрлэн даргаасаа том, хуулиас дээгүүр хэлтсийн даргатай болжээ
Уг нь АМГТГ-ын даргаар Х.Хэрлэн гэдэг хүн ажилладаг юм. Өмнө нь энэ албыг хашиж байсан туршлагатай хүн бий. Тиймээс энэ газартай холбоотой элдвийн хэл ам түүнийг томилогдож очсоноос хойш чимээ сураг алдарч эхэлсэн. Гэтэл ойрноос АМГТГ-тай холбоотой таагүй мэдээлэл чих дэлсэх боллоо. Уул уурхайнхан өөд муутайгаар яриад эхлэв.Учрыг ухвал АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгээс илүү эрх мэдэлтэй, хуулийг гууль болтол “янзалж” чаддаг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга тэнд бий болжээ. Нэрийг нь Жалбаагийн Батмагнай гэдэг гэнэ.
Ж.Батмагнай гэж хэн бэ, юу хийж, яаж явдаг нөхөр вэ гэдгийг уул уурхай, ашигт малтмалын салбарынхан сүүлийн үед мэддэг болчихсон байна. Энэ зард гарч яваа нөхрийн талаар хэдхэн баримт хэлэхэд л хангалттай юм байна.
Баримт 1. ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн ашиглалтын болон хайгуулын лицензийг түдгэлүүлсэн тогтоол гаргаж, үүнийгээ 2016 оны хоёрдугаар сард 11/4-1167 тоот албан бичгээр АМГТГ-т ирүүлжээ.
Гэтэл Ж.Батмагнай тус компанид 2017 оны аравдугаар сарын 31-нд “…Танай компанийн эзэмшлийн MY-020738 тоот лиценз нь эрх бүхий байгууллагаас захиран зарцуулах эрх болон шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан талаар бүртгэлгүй байна” гээд 8/7678 тоот албан бичиг хийгээд өгчихжээ.
Үүнийг нь үндэслээд Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг нь “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн эзэмшлийн MY-020738 тоот лицензийг 2018 олны гуравдугаар сард өөр компани руу шилжүүлчихсэн байгаа юм.
Харин энэ бүх ажлаа амжуулсны дараа Ж.Батмагнай өөрөө уснаас хуурай гарахын тулд дарга нартаа “…ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас түдгэлзүүлсэн “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн ашиглалтын болон хайгуулын лицензийг мэргэжилтэн Ц.Баатарбилэг, Ч.Амгалан нар бусдад шилжүүлчихлээ” гэж матаад лиценз шилжүүлэх өргөдлийг хүлээн авсан мэргэжилтэн Ц.Баатарбилэг, эрх зүйн шүүлт хийсэн Ч.Амгалан нар арга хэмжээ авахуулсан байна.
Баримт 2. АМГТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Батмагнай ашигт малтмалын лиценз дахин сэргээдэг сүлжээний гол хүнээр нэрлэгдээд байна. Уг нь устаж алга болоод байсан уг сүлжээний талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар их ярьдаг юм.
Ж.Батмагнай энэ ажиллагаанд оролцохдоо Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байгаа, ангийнхаа найз бүсгүйтэй хамтардаг. Өөр бусад нэр бүхий шүүгч нар ч байдаг аж. Тэд 2008-2018 онд цуцлагдсан, дуусгавар болсон лиценз сэргээх ажлыг тун чиг идэвхтэй хийх болсон байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын яриад байгаа лицензүүд мань хүний оролцоотойгоор сэргэсэн байж болзошгүй гэж байна. Х.Нямбаатар нийтэд зарласны дараа ийм лицензийн тоо даруй 20-оор нэмэгдсэн байгаа юм.
Эдгээрийн нэг болох улаан цайм жишээ ч байна. Ж.Батмагнай “Монгол ресурс корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралд АМГТГ-аа төлөөлөн оролцоод ялагдаж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ шийдвэрт давж заалдаж гаргасан гомдол нь ёс төдий, үүнийгээ батлахаар юм бичжээ.
Баримт 3. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасны дагуу тухайн аж ахуйн нэгж лицензийнхээ хугацааг дуусахаас нэг сарын өмнө өргөдлөө гаргах ёстой. Энэ шалтгаанаар Ж.Батмагнай лиценз эзэмшигчдийн өргөдлийг авахуулдаггүй юм байна. Мэргэжилтнүүд нь хүлээгээд авчихвал шууд л татгалзсан шийдвэр гаргадаг ажээ.
Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 22.1, 22.1.4-т заасан хуулийн шаардлага хангаагүй, хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөгөө хоёр жил дараалан батлуулж хянуулаагүй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн материалыг Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг дээр өөрөө барьж ороод сунгалт хийлгэдэг юм байна.
Эдгээрээс гадна Ж.Батмагнай лиценз эзэмшигчдээс “…Дарга нартай ярьсан. Лицензийг чинь сэргээж өгье” гэж мөнгө нэхдэг. Хамт ажилладаг хүмүүстээ “…Ангийн маань хүүхэд УИХ-ын байнгын хорооны дарга. Ийм байхад та нар намайг яах юм бэ” гэж агсам тавьдаг. Ил тод уул уурхайн төлөө олон жил зүтгэж байгаа нэгэн ТББ-ын тэргүүн А-г заамдан авч “…Чи битгий олон юм яриад байгаарай” гэж дарамталсан гээд түүнтэй холбоотой олон мэдээлэл байна. Энэ хүний ааш араншин, үйлдэл нь хэрээс хэтэрч байгааг АМГТГ-ынхан хийгээд лиценз эзэмшигчид мэддэг болоод байгаа аж.
Ж.Батмагнай ингэж дураараа дургиж байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нар мэддэг болов уу.
Ер нь бол дээгүүрээ сахилга хариуцлагыг сайжруулна гэж яриад байдаг. Харин төрийн албаны энэ мэт дунд албан тушаалтнууд төрийн албыг хувийн мэт ашиглан, хуульгүй аашилж байгаа нь Монгол төрийн доройтлын гол шалтгаан болж байгаа юм.
Зууны мэдээ
П.Мандах