Цалингийн санг 418.1 тэрбумаар, төрийн албан хаагчийг 2100-гаар нэмнэ

Ирэх жил улс хэдэн төгрөг олж, хэдийг нь зарцуулахаар төлөвлөснөө Сангийн яам УИХ-д өргөн барьсан. Тэнд нэгдсэн төсвийн нийт урсгал зардлыг 8.228.3 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Урсгал зардлын өөрчлөлтийг ангилбал 27 хувь нь цалинд зарцуулагдах аж.

Тодруулбал, цалингийн сан нийт 418.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж буй. Үүнээс 151 тэрбум төгрөг нь өнгөрсөн сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлсэн шийдвэрийн нөлөө юм байна. Харин 267.1 тэрбум нь 2019 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх эх үүсвэрт зарцуулагдана хэмээн Засгийн газрын 264 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн цалинг 8-30 хувиар нэмэгдүүлсэн. Цаашид ч төрийн албан хаагчдын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг жил бүр нэмэгдүүлнэ хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгджээ.

Жил бүр цалин нэмэх асуудлыг хөнддөг. Ингэхдээ төсөв батлагдсаны дараа нэмэх эсэх асуудлыг ярилцаж төсөвт тусгасан, тусгаагүй гэх маргаан гарах нь элбэг. Түүнчлэн төсвийн тодотгол хийх шаардлага ч гарч байсан түүхтэй. Харин ирэх жилийн төсөвт цалингийн нэмэгдлийг тусгасан нь авууштай гэдгийг эдийн засагчид онцолж байна.

 

\

Ирэх онд 4300 төрийн албан хаагч нэмэгдэнэ. Гэвч цэвэр өөрчлөлт нь 2100 байх аж. Тодруулбал, хүмүүсийн нэрлэж заншсанаар “Сайд нарын II эмнэлэг” болон хавдар судлалын үндэсний төв бие даан төсвөөс гарах юм байна. Түүнчлэн орон нутгийн хот тохижилтын алба өөрийгөө санхүүжүүлэх болжээ. Тиймээс төрийн албаны орон тоо 2233-аар буурах юм.

Цалингийн сангийн өсөлтийг дагаад ирэх жил төрийн албан хаагчдын тоо 2100-гаар нэмэгдэхээр байгааг мөн төсөвт тусгажээ. Орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор урсгал зардлыг 61 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай юм байна. Орон тоо нэмэгдэх болсон шалтгаан нь шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гал унтраах аврах анги, хил боомтын үйл ажиллагааг өргөтгөх болсонтой холбоотой. Тухайлбал, сургууль цэцэрлэг ашиглалтад орсноор 3308, эмнэлэгт 543, гал унтраах аврах анги, эрэн хайх, аврах бүлэгт 264, хилийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлснээр 141, Төрийн албаны зөвлөлийн бүтцийг өргөжүүлэхтэй холбоотой 26 орон тоо нэмэгдэж байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувьтэй тэнцэж буй. Харин зарлагын дээд хэмжээ 11.5 их наяд байх бөгөөд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 13.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөвлөсөн байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай дүйцэж буй юм.

Зууны мэдээ

Д.Оюунчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button