Хүүхдийн баруун гар мэдээгүй, саажилттай болвол хэн хариуцлагыг нь хүлээх вэ
Учир нь эмч нарын хариуцлагагүй байдлаасаа болж хүүхдийнх нь баруун эгмийг хугалж төрүүлжээ. Одоогоор тус эмнэлэгтээ эмчлүүлж байгаа бөгөөд ар гэрийнхэнд нь эмнэлгийн эмч нар “Юун сүртэй юм бэ, угаасаа эгэм хугарч гардаг тохиолдол зөндөө бий. ЭХЭМҮТ-рүү аваад яв” гэжээ.
Ингэж хэлсэн эмч нар болон Чанарын албаны даргад гомдолтой байгаа тэд хаана хандахаа мэдэхгүй байна. Өчигдөр Засгийн газрын 11-11 утсанд хандаж гомдол мэдүүлсэн байгаа аж.
Ингээд амаржсан эх О.Очирсүхийн эгчээс нь дараах мэдээллийг авлаа.
Тэрбээр “Миний дүү өнгөрсөн есдүгээр 28-нд орой 23.00 цагийн үед өөрөөрөө төрсөн. Хүүхдээ эрүүл саруул тээсэн. Гэвч төрөхдөө эх барих эмч нарын хариуцлагагүй байдлаас болж баруун эгмийг нь хугалчихсан байгаа юм. Хүү өлгийг нь задлахаар уйлаад байсан гэсэн.
Тэгээд хоёр хоногийн дараа Эход харуултал эгмийг нь хугалчихсан. Бүр мэдрэлтэйгээ хавсарсан байж магадгүй гэж эхоны эмч хэлсэн байгаа юм. Өлгий задлахаар хүүхэд суниаж гар хөлөө хөдөлгөдөг шүү дээ. Гэтэл ерөөсөө тэгж чадахгүй чарлаад байгаа юм. Баруун гар нь огт хөдлөхгүй байгаа. Хоёр хоногийн хугацаанд ямар ч эмчилгээ хийгээгүйд гомдолтой байна.
Нярайн эмч нь “Шинэ юу ч мэдэхгүй эмч нар хүүхэд алаад байх юмаа” гэж бүр толгой сэгсэрсэн” гэв. Ингээд зарим зүйлийг тодрууллаа.
-Эх барихын эмч нар юу гэх юм бэ?
-Хүүхдийг төрүүлэх замд нь гэмтээж хаячихаад юу ч хэлэхгүй байгаа юм даа. Харин ч тохуурхаж даажигнасан шинжтэй “Том хүүхэд гарсан. Угаасаа эгэм хугарах тохиолдол зөндөө байдаг. Мөгөөрс юм чинь бороолоод эдгэчихнэ” гэсэн. Хүүхэд нь халуураад байнгын уйлаастай. Дэмий л өвчин намдаах дусал залгуулдаг.
-Ямар эмч эх барьж авсан юм бэ?
-Нэрийг нь мэдэхгүй байна. Тэр эмч орж ирэхэд манай дүү “Та манай хүүхдийн эгмийг хугалчихсан байна шүү дээ” гэж хэлэхэд юу ч дуугаралгүй өрөөнөөс гараад явсан байгаа юм. Одоо бол өвчин намдаах тариа, дусал хийсэн болоод хүүгийн гарыг боосон байж байна. Уг нь төрүүлэхээс өмнө эход харж болно биз дээ. Хүүхэд үнэхээр хүндрэлтэй, том байгаа бол хийсвэрт оруулчихаж болно шүү дээ. Эрүүл саруул тээсэн хүүхдийнхээ эгмийг хугалуулаад гаргуулна гэдэг үнэхээр харамсалтай байна.
Хэрвээ энэ хүүхдийн баруун гар ажиллагаагүй, саажилттай болчихвол хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ. Одоо болохоор эмч нар нь хариуцлагаас бултаж ЭХЭМҮТ-рүү аваад яв гээд байгаа юм даа. Ээж нь буруу дүлсэн гэж эхэд нь бүх бурууг нь тохох гээд байх шиг. Хэрвээ эх нь буруу дүлсэн юм бол төрж байгаа хүүхэд бүхэн эгмээ хугалж бэртэж гэмтэж гарна биз дээ. Их хачин юм яриад хариуцлага хүлээхгүй байна.
-Хаана хандсан бэ?
-Би Засгийн газрын 11-11 төв рүү хандсан. Иймэрхүү үйлдэл гуравдугаар төрөхөд гарч байгаа анхны үйлдэл биш юм билээ. Өмнө нь зөндөө иймэрхүү юм гарч байсан гэдэг. Тус эмнэлэгт төрсөн, одоо гурван настай хүүхэд гэхэд гар нь хөдөлгөөнгүй саажилттай болсон. Үнэндээ хариуцлагагүй хандсан байгаа биз дээ. Мэдэгдэж байгаа нь манайх болохоос мэдэгдээгүй өчнөөн тохиолдол бий. Ар гэрийнхэн нь хэл ам хийдэггүй болохоос.
Бид чанарын албаны дарга дээр орсон чинь “Угаасаа бид хугалж гаргадаг. Мөгөөрс болохоор хурдан эдгэнэ” ухааны юм ярьсан. Яасан хүн чанаргүй, эмзэглэх сэтгэлгүй дарга бэ. Үнэхээр гомдолтой байна. Хамгийн гол нь эхоны эмч мэдрэлтэйгээ хавсарсан байж магадгүй гэхээр бид айгаад байна. Эмч нар нь бүр хүүхэд болгоны эгэм хугарах ёстой юм шиг хачиин юм яриад байгаа.
-Дүүгийн чинь хэддэх хүүхэд бэ?
-Хоёр дахь хүүхэд нь. Өмнөх хүүхдээ 2010 онд эрүүл саруул төрүүлсэн. Миний дүү өнчин. 80 гарсан эмээ минь явж чадахгүй байна. Хэл ам хийхгүй болохоор худлаа мэдээлэл гадуур тараагаад байх юм. “Бид нар эгмийг нь хугалж төрүүлэх ёстой” гэж хэлэхийн оронд чанарын албаны дарга ядаж уучлалт гуйж, эмчилгээ хийх ёстой биз дээ. Ядарсан, өнчин энэ тэрээр нь элэг бариад ерөөсөө тоохгүй байгаад гомдолтой байна. Хариуцлага тооцдог газар, яам гэж байдаг бол тооцоочээ.
О.Сайхан
Оллоо.mn