Заставын даргадаа зодуулсан байлдагч сэтгэцийн өвчтэй болж, СЭМҮТ-д эмчлүүлж байна
Түүнийг Заставын орлогч дарга Төрболд гэгч балмадаар зодож ийм байдалд хүргэсэн талаар ар гэрийнхэн нь гомдолтой байна. Хаана хандахаа мэдэхгүй тэд хэвлэлийн байгууллагад хандсан юм.
Байлдагч Г.Ууганбаярын эгчийнх нь ярьж буйгаар Заставын дарга зодсоны улмаас хавирга, эрүү нь хугарч, сэтгэцийн өөрчлөлтэй болсон гэв.
Тэрбээр “Миний зээ дүү Дорноговь аймаг дахь хилийн цэргийн 0129 дугаар ангид холбооны инженерээр ажилладаг байсан.
Өнгөрсөн есдүгээр сарын 5-ны өдөр Хилийн цэргийн 0129-р ангиас бидэнтэй холбогдон “Г.Ууганбаяр хачин болчихлоо. СЭМҮТ дээр яаралтай ир” гэж дуудсан. Биднийг очиход дүүгийн маань нүүр, биеийн хэсэг танигдахын аргагүй хөх эрээн болж, хавдаж гүвдрүүтсэн байсан.
Дүүг маань хөл нүцгэн авчирсан байгаад, жолоочийнхоо гутлыг өмсүүлж, машинаасаа буулгасан. Дүү маань бууж ирээд биднээс ус, хоол гуйсан. Ууж явсан усаа өгөхөд нэг амьсгаагаар ууж дуусгасан, маш их цангасан байсан” хэмээн хоолой зангируулан ярьсан юм.
Хилийн цэрэгт дарга нь байлдагчаа зодож тамлаж, өрөөл татуу болгосон өчнөөн тохиолдол бий.
Энэ удаад бүр сэтгэцэнд нь өөрчлөлт оруулж галзуу мэт болгосон болохоор ар гэрийнхэн нь гомдолтой байна. Тиймээс холбогдох газрууд нь албан хаагчийг зодож тамласан заставын даргад хариуцлага тооцохыг хүслээ.
О.Сайхан
Оллоо.mn