Монголд хог хаягдлыг дахин боловсруулах анхны бүтээл гарлаа

МБОИЗ-ын тэргүүн, доктор Б.Эрдэнэ доктор Д.Ичинхорлоо хоёр хамтарч бичсэн "Хог хаягдлын менежмент" номоо бэлтгэн хэвлүүлэн гаргаж, өнгөрсөн баасан гарагт  нээлтээ хийлээ. Энгийн ойлгомжтой үг хэллэгтэй уг номыг салбарын хүмүүс болон багш нар хаана ч, хэн ч ашиглаж байх үг хэллэгээр бичжээ.

Доктор Д.Ичинхорлоо малын болон эмнэлгийн гаралтай хог хаягдлыг боловсруулан ашиглах аргаа ч мөн тодорхой бичсэн байна.

Монгол Улсад сүүлийн найман жилийн хугацаанд хог хаягдал 5 дахин өссөн байна. Ер нь сүүлийн жилүүдэд зуд зурхан их болсонтой холбоотой хөдөө орон нутагт малын сэг зэм их болжээ. Тоо толгойгоор нь зуданд өргөсөн малын сэг зэмийг устгадаг үйлдвэр гэж алга. Ил задгай бөөгнүүлж хаяснаас болж малын гаралтай янз бүрийн өвчлөл эрс нэмэгдэж байгаа талаар тэд ярьсан юм.

Зохиогч, доктор Б.Эрдэнэ “Хог хаягдлын менежмент” ном маань хог хаягдлын технологийн талаар гарч буй анхны ном юм.  11 бүлэг хавсралтуудаас бүрдсэн. Хатуу хог хаягдал, ландфилийн технологи, хог шатаах үйлдвэр, компост, хог дамжууллын систем, аюултай болон тусгай хог хаягдлын талаар энэ номын бүлгүүдэд багтсан.

Энэхүү гарын авлага нь хог хаягдлын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш нар, оюутан, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд, төв орон нутгийн шийдвэр гаргагчид, бизнесийн байгууллагын бүх шатны менежер, иргэн, хэн бүхэнд зориулагдсан шинжлэх ухааны хялбаршуулсан хэлбэрээр бичигдсэн бүтээл болно.

Монголын хүн амын өсөлт, амьдралын хэвшил, дадал хандлага, хэрэглээ, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр энгийн хог хаягдал төдийгүй хүнд металл, химийн хорт бодис агуулсан хаягдал, электроникийн хог хаягдал (Е-хог хаягдал), чанарын шаардлага хангахгүй болсон химийн бодис, пестицид, тэдгээрийн сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэлийн дугуй, эд ангиуд, ашигласан тос, зай хураагуур, мөнгөн ус агуулсан хэмжлийн багаж, хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн лаг зэрэг үйлдвэрлэл, ахуйгаас гарах аюултай хог хаягдлын хэмжээ ч жил бүр нэмэгдэж, аюултай хог хаягдлын хур хуримтлал бий болсоор байна. 

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага 2007 оноос эхлэн 21 аймгийн төвийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг ландфилл технологийн дагуу засч тохижуулах ажлыг, үе шаттайгаар хийх шаардлагыг орон нутагт тавьж, эрх зүйн зохицуулалтыг үе шаттай боловсронгуй болгон тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байгаа боловч өнөөг хүртэл технологийн дагуу бүрэн хийгдэж чадахгүй, хог хаягдлаа ил задгай зайлуулж хаясан хэвээр байна.

Ийм учраас хог хаягдлын талаарх нэгдсэн зөв ойлголтыг бий болгож, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилах, тээврлэх, боловсруулах, устгах менежментийн тогтолцоо, технологийн зөв шийдлүүдийн уялдааг үндэслэн хог боловсруулах үйлдвэр, парк, тээвэрлэлт ложистикийг бий болгох нь үндэсний хэмжээнд тулгамдсан хэрэгцээ шаардлага болоод байна. 

Хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлдэг, эх үүсвэр дээр нь багасгадаг сайн дадал хандлага төлөвшиж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар олон талын оролцоотой хог хаягдлын тогтвортой зөв менежмент бий болно. 

Хог хаягдлын тогтвортой зөв менежмент, үйлдвэр парк байгуулж, ложистикийн үйлчилгээ бий болгохдоо шинжлэх ухаанчаар хандаж, монголын хогны бүтцэд тохирсон зөв технологи шийдлүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэсэн юм.

\

\

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button