Р.Булгамаа: Хүүхэд хамгаалах мөнгийг үргүй зарцуулсан дарга нарт хариуцлага тооцох ёстой

Xуульч Р.Булгамаатай ярилцлаа.

–Өнгөрсөн хугацаанд та хүүхэд хамгааллын чиглэлээр түлхүү ажилласан. Тиймээс олон нийт таныг Хүүхдийн эрхийг  хамгаалагч Булгамаа гэж нэрлэдэг болжээ. Хуульч хүний хувьд та хүүхдийн эрхийн хуулийн хэрэгжилт ямар байна гэж дүгнэж байна?

-“Хуульч хүн хаана хууль, дүрэм зөрчигдөж байгаа тэр цэгт нүд чих болж байх ёстой” гэж аав маань байнга  хэлдэг. Хүний эрхийн чиглэлээр би багагүй хугацаанд судалгаа хийж байна. Ялангуяа, сүүлийн жилүүдэд  хүүхдийн эрхийн чиглэлд гол анхаарлаа хандуулан дагнан  ажиллаж байна. Хүүхдийн эрх гэдэг цогц асуудал олон чиглэлийг хамруулан авч  үздэг. Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрхээс эхлээд  хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь эрхийн асуудал гээд олон асуудал өнөөдөр Монгол Улсын хууль, тогтоомжуудаар хуульчлагдсан байдаг. Яг хүүхдийн эрхийн зохицуулалтыг авч үзвэл хангалттай гэж хэлэх үндэслэлтэй. Монгол Улсад Хүүхэд хамгааллын тухай хууль, дээр нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах хууль дотор хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ, ямар эрх зүйн орчин бүрдүүлсэн байх ёстой вэ. Тэр хүүхдүүдийн сургалтын орчныг яаж тохижуулсан байх ёстой вэ гэдгийг тодорхой заасан.

Хүүхдийн эрхийг хууль, тогтоомжуудаар тодорхой хуульчилсан ч эрх зүйн зохицуулалтын сүүлийн чиг хандлагыг авч үзвэл, сүүлийн 10 жилд хүүхэд хөгжлийн эрх зүйн баримт бичгүүдэд дорвитой дэвшил гарсангүй. Нөгөөтэйгүүр, хүүхэд хамгааллын асуудлын хүрээнд  Хүүхэд хамгааллын тухай бие даасан  хууль гарч, тус хуулийн зургадугаар зүйлд маш тодорхой заалт оруулсан. Тухайлбал, боловсролын асуудлыг яаж зохицуулах вэ, мөн эрүүл мэндийн үйлчилгээнд хүүхэд хамгааллын асуудлыг хэрхэн зохицуулах вэ. Хэвлэл, мэдээллийн салбар дахь хүүхэд хамгааллын асуудлыг яаж зохицуулах вэ, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний хүрээнд хүүхэд хамгааллын асуудлыг яаж зохицуулах вэ гэдгийг өргөн хүрээнд авч үзсэн байгаа. Хэдийгээр хууль эрх зүйн зохицуулалтад олон зүйлийг  нарийвчлан оруулсан ч бодит байдалд хэрэгжээгүй олон асуудал байна. Энэ л  бидний  анхаарал хандуулах ёстой гол цэг юм. Энэ цэгүүдэд хүүхдийн эрх зөрчигдөж байна гэдгийг бид судалгаа­гаар гаргаж тавьж байгаа.

–Тэгэхээр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд ямар асуудал тулгамддаг вэ?

-Хүүхэд хамгааллын эрх зүйн зохицуулалтыг хууль тогтоомжуудаар тодорхой заасан талаар хэлсэн. Тэгвэл энэ хүрээнд төрийн захиргааны байгууллагууд ч нарийн дүрэм журам, стандартуудыг боловсруулан гаргаж, мөрдөх ёстой. Би нэг зүйлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Аюулгүй ажиллагаатай холбоотойгоор хүүхдийн сургалтын орчин болон бусад орчинд тодорхой хамгааллын стандартуудыг бий болгоогүйгээс хүүхэд гэнэтийн  осолд өртөж байна. Иймээс хүүхэд хамгааллын орчны стандартыг боловсруулж гаргаач гэдэг асуудлыг өнгөрсөн жилээс шат шатанд гаргаад  байгаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч ажлаа хүлээж авсныхаа дараахан хүүхэд хамгааллын асуудал, цахим орчин дахь хүүхэд хамгаалын асуудлаар Үндэсний хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулсан. Ингээд 2017 оны дөрөвдүгээр сараас энэ стандартуудыг гаргаач гэдэг асуудлаар холбогдох төрийн захиргааны байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөн байгаа. Одоо хэр нь  хүүхэд хамгааллын чиглэлд  орчны стандарт гараагүй байна. Ямар стандартын дагуу байх вэ гэдэг нь ч тодорхой зохицуулалттай байх ёстой юм. Сургалтын орчинд ямар стандарт байх ёстой вэ гэвэл,  хүүхэд хальтирч гулсахгүй, унаж бэртэхгүй, шат нь хүртэл аюулгүй байдлыг хангасан байх ёстой гэсэн заалттай баймаар байна.

Дээр нь сургуулийн гадна орчны стандарт ямар байх вэ гэдэг асуудал бий. Жишээ нь, өнөөдрийн байдлаар 134 сургууль хүүхэд хамгааллын хувьд  эрсдэлтэй бүсэд орсныг ЦЕГ-ын харъяа Тээврийн цагдаагийн газраас гаргажээ. Хүүхэд сургуулиасаа гараад хоёр хүрэхгүй метрийн  цаана төв зам залгадаг учир осолд өртөх магадлал маш өндөртэй. Эдгээрээс 84 сургуульд зайлшгүй замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хурд сааруулагч хэрэгтэй байгаа. Иймд улсын төсөвт  тусгаж өгөөч гэсэн санал тавьж байгаа. Энэ асуудлыг шийдчихвэл, магадгүй хүүхэд сургуулиасаа гараад замын осолд өртдөг асуудал багасна. Дээр нь хүүхэд хамгааллын стандарт хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг хөндлөнгийн хяналт, шалгалтын асуудал  чухал юм. Сургуулийн байшин, барилга, орчны аюулгүй байдал ихээхэн алдагдаж байна. БСШУСЯ-наас энэ чиглэлд хяналт, шалгалтын ажил зохион байгуулж, барилгын насжилт, ашиглалтаас хамаарч эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа гаргасан юм билээ. Тэр дотор хамгийн их эрсдэлтэй буюу  нэн даруй анхаарах ёстой нь нийт сургуулийн 11 хувь гэсэн  байна. Дээврээс нь дусаал гоождог, эсвэл тааз нурах магадлалтай, шал цөмөрч болзошгүй гэдэг. Хэрэв энэ байдлаас болж хүүхэд гэмтэж бэртвэл хэн хариуцах вэ гэдэг асуудал өнөөдөр яригдаж байна. Энэ мэтчилэн хариуцлагын асуудлыг ч гэсэн бид үе шаттай авч үзэх учиртай юм.

Хүүхэд хамгааллын асуудлыг БСШУСЯ  гаргаж ирэх учиртай. Сургалтын болоод гадаа тоглоом,  спортын талбайн орчны стандартыг гаргаад ирвэл сургалтын байгууллагууд түүнийг нь  мөрдөж, хүүхэд осолд өртөхгүй байх нөхцөл бололцоог хангах боломжтой. Осол гарахаар хариуцах эзэн олдоггүй, тухайн зөрчил дутагдал гарсан талбай эзэнгүй болчихдог дутагдал нийгэмд бас байна. Үүнийг анхаарах ёстой. Сургуулийн биеийн тамирын талбайд хөлбөмбөг тоглож байгаад гэмтэж нас барсан хүүхдийн тухайд тэр сургалтын байгууллага, сургууль хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйтэй шууд холбоотой. Гэтэл нийгэмд ямар ойлголт төрүүлсэн бэ гэвэл тухайн хүүхдийн талаар, гэр бүлийн талаар сөрөг мэдээлэл цацсан. Эндээс нэг зүйлийг хэлэхэд, хохирогчийг буруутгадаг ёс зүйгүй байдал Монголд газар авч байна. Яаж гэм буруугүй болох вэ, бусдыг яаж буруутгаж болох вэ, үхсэн хүн босч ирээд үг хэлэх биш гэдэг байдлаар ханддаг ёс суртахуунгүй байдал бий болжээ. Тиймээс аливаа байгууллага, аж ахуйн нэгж, сургуулийн захиргаа, хамт олон орчны стандарт, аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал асуудал юм. Бид үүнийг нэн тэргүүнд ярьж, стандарт журмуудыг гаргаад, түүний дагуу тогтмол хяналт шалгалт явуулдаг, шаардлага тавьж хэвшвэл ослын тоо  буурна.

–Та сая дурдлаа. Нийгэмд газар авч буй  хохирогчийг буруутгадаг гажгийг яаж засах вэ?

– Хүүхэд ч гэлтгүй насанд хүрэгчдийг хохироочихоод буруутгаад өнгөрөх гэсэн сэтгэхүй нийгэмд мэр сэр гарч байна. Жишээ нь, миний үйлчлүүлэгч,   удахгүй шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх гэж байгаа хүчингийн хэргийн хохирогч болж амиа алдсан  13 настай охины талаар  зочид буудлын захирал гэх эмэгтэй буруу ташаа мэдээллийг нийгэмд өгсөн. Тэр хүн хохирогчийг гүтгэчихээд Зөрчлийн хуулиар зөвхөн торгуулиад өнгөрч байх жишээтэй. Саяхан Оюутолгойд гарсан хүчингийн гэмт хэргийн хохирогч эмэгтэй манай хуулийн фермээр үйлчлүүлж байгаа. Гэтэл  мөн л тэр эмэгтэйг өөрийг нь буруутгасан байдлаар мэдээллүүд цацаад байна. Тогооч хийдэг эмэгтэй хэдий завандаа баар руу орж бусдын анхаарлыг татаж бүжиглэх вэ дээ. Ажлаа хийж дуусаад 21.30 цагт хурууны хээ бүртгэдэг хэсэг рүү явах замд нь баарнаас гарч ирсэн согтуу нөхөр араас нь элдэж хөөгөөд оффисын хурууны хээ бүртгэдэг хэсэгт онц ноцтой хэрэг үйлдсэн байдаг.

ЗТХЯ-нд гарсан хүн амины гэмт хэргийн хохирогч болсон талийгаач залуугийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж байгааг хараад миний сэтгэл өвдсөн. Талийгаачийг буруутгах чиг хандлага нийгэмд явж байгааг талийгаачийн  ар гэр, өмгөөлөгч нь  ярьж байна лээ. Үүнээс би юу хэлэх гээд байна гэвэл аливаа гэмт хэрэг, гэмт үйлдлийн дараа хохирогчийг буруутгадаг, хохирогчид хамаг буруу байсан мэтээр гэм буруутай этгээдүүд мэлздэг, хариуцлагаас мултрах  гэдэг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Хуулийн хариуцлагыг чангатгах хэрэгтэй.

–Хүүхдүүд  гэмт хэрэгт өртөх нь нэмэгдсэний шалтгаан нь юу юм бол?

-Миний хувьд гэмт хэргийн криминологи шалтгааныг сүүлийн үед нэлээд  судалж байна. Гэмт хэрэгт өртөж буй насны ангилал, дээр нь гэмт хэрэг юунаас болж үйлдэгдэж байна вэ. Учир шалтгаан нь юу  байна вэ гэдгийг судалж үзэхэд бага насны буюу өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт өртөж байгаа, хохирогч болж буй тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг багасгахын тулд яах вэ гэдэг нь бидний ажлын нэг зорилго чиглэл  болж, гол анхаарлаа  хандуулж, судалгаа хийж ирлээ.

2017 онд ЦЕГ-аас гаргасан мэдээлэлд тулгуурлан бодит тоо баримтыг  хэлэхэд, гэмт хэрэгт өртөж хохирсон, гэмтсэн  хүүхдийн тоо 1800, гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо 948 байгаа. Үүнээс 400  нь шүүхээр орж тодорхой хэмжээний хариуцлага хүлээсэн байна. Түүнчлэн 127 хүүхэд гэмт хэргийн улмаас нас барсан судалгаа гарсан.  Нийгмийг түгшээж буй бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт 187 хүүхэд өртсөний 12 нь эрэгтэй хүүхэд байна. Өмнөх жилүүдийн статистикийг авч үзэхэд эрэгтэй хүүхэд хүчирхийлэлд өртсөн тоо 3-4 байсан бол энэ тоо өсчээ.

Хүчиндэх гэмт хэргийн тоо өнөөдрийн байдлаар  буурч  байна уу гээд  тоон мэдээл­лийг авч үзэхэд, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс 2018 оны есдүгээр сарын дүнгээр  152 гэсэн ста­тис­тик гаргасан нь энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байна гэсэн үг. Мөн түүнчлэн автозамын осолд өртөж нас барж байгаа хүүхдийн тоо анхаарал татаж байгаа. Өнгөрсөн оны байдлаар 1000 гаруй хүүхэд машинд мөргүүлж, шүргүүлж, гэмтсэн 55 хүүхэд амиа алдлаа. Тэгэхээр  хүүхдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг багасгахын тулд төрөөс үе шаттай бодлого гар­гах хэрэгтэй юм. Бидний хүүхдүүд гэмт хэргийн хохирогч  болж хорвоог орхиж болохгүй. Иймд бүх төвшинд олон ажил санаачилж зохион байгуулах ёстой.

–Тухайлбал?

-Сая Монгол Улсын Ерөнхийлөгч зам тээврийн ослыг бууруулах үүднээс, ялангуяа, хүүхдүүдийг зам тээврийн осол, гэмтлээс хэрхэн урьдчилан  сэргийлэх  талаар ЗЦГ-ын харьяа Тээврийн цагдаагийн газартай хамтран хүүхдүүдийн дунд үзүүлэх тогтлолт зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон. Хүүхдүүдэд гарцаар яаж зөв гарах талаар ойлголт өгч, замын хөдөлгөөний дүрэмд сургаж байгаа нь сайн жишиг. Нэг зүйл дээр шүүмжлэлтэй хандахад томчууд бид хүүхдээ замаар зөв гарч сурахад нь учир дутагдалтай хандаж байна. Хүүхэд сургуульдаа ирэх, хичээлээ тараад харих замдаа зам тээврийн осолд өртөх нь их байна. Үүнийг  бууруулахад эцэг эх, сургууль болон холбогдох бусад байгууллагын хамтын ажиллагаа чухал. Замын тэмдэглэгээ, хурд сааруулагч, гэрлэн дохио хэрэгтэй байгаа сургуулиудын  асуудлаар төсөв,санхүүг нь   УИХ-ын эрхэм гишүүд шийдэж өгөөсэй.

Хүүхдүүд зам тээврийн осолд өртөхөөс гадна томчууд ч гэсэн их өртөж байгаа. Энэ тоо маш ноцтой, улс орны аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Тухайлбал, жилд 550-600 хүн зам тээврийн ослын улмаас нас барж,  1000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог гэсэн статистик байна. Түүнээс гадна 4000 гаруй хүн ямар нэгэн байдлаар зам тээврийн осолд өртөж, автомашинд мөргүүлдэг, шүргүүлдэг байдал гарч байна. Өдөрт 4-6 хүүхэд зам тээврийн осолд өртөж байгааг Тээврийн цагдаагийн газрын мэдээлэлд дурджээ. Үүнд бид онцгой анхаарах ёстой.

2018 оны есдүгээр сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 700 гаруй хүн бэртэж, 420 хүн нас барсан байна. Дайн байлдааны үед хүнээ алддаг шиг онц ноцтой нөхцөл байдал үүсчихээд байхад бид хажуугаар нь хараад өнгөрч хэрхэвч болохгүй. Нэг л өдөр танд, надад, бидэнд энэ асуудал тулгарна. Тиймээс осол, гэмт хэргийн гаралтыг бууруулах эрх зүйн орчин, хүлээлгэх хариуцлагыг чангатгах  тал дээр ажиллах нь туйлын чухал юм. Үүнд төрийн шийдэмгий бодлого ч хэрэгтэй, түмэн олны хамтын ажиллагаа, дэмжлэг маш хэрэгтэй. Хүүхэд өөрөө гэм буруугүй атал гэмт хэргийн хохирогч болж амь насаа алдана гэдэг үнэхээр харамсалтай. Иймд хүүхдийг гэмт хэргээс урьчилан сэргийлэх, хамгаалах ажлыг орон даяар идэвхжүүлмээр байна.

Өнөөдөр мөрдөж буй Зөрчлийн хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан жолооч дахиж машинаа унаж гараад хэрэв цагдаа таарвал торгоод өнгөрдөг хууль үйлчилж байна. Зам тээврийн ослын 80 хувь нь согтуу жолоочоос үүдэлтэй байна гээд байхад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан жолоочийн эрх хасахаас гадна дор хаяж 30 хоног цагдан хорих, хориглосон хугацаанд дахин машин барьж явсан тохиолдолд зөвхөн торгоод өнгөрөх бус шууд цагдан хорьдог баймаар байна. Зөвхөн зам тээврийн ослоос хамааралтай жилд дунджаар 600 гаруй том хүн, 60 орчим хүүхэд хорвоог орхиж, 1000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэж байна.

–Хүүхэд гэмт хэрэг үйлдэх, өртөх нөхцлийг бүрдүүлж буй шалтгаан нь эцэг эхийн хараа хяналтгүй байдал гэж та хэлсэн. Үүнийгээ тодруулахгүй юү?

-Эцэг эхчүүд хүүхдээ хаана юу хийж явааг анхаарахгүй байна. Гэр бүлийн таарамжгүй харилцаа хүүхдийн хүмүүжилд нөлөөлж, хүүхэд гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлж байна. Гэр бүл салалт жилээс жилд өсч байна. ШЕЗ-ийн  мэдээллээс үзэхэд 11 мянган гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 5000 гаруй хүүхэд эцэг тогтоолгожээ. Шүүхээр орж гэр бүл цуцлууллаа гэхэд тэд  аав ээж байх үүргээ биелүүлдэггүй, хүүхдийнхээ тэтгэмжийг өгдөггүй эсвэл “хоосон хоёр чих авах уу” гээд доромжлоод сууж байдаг нь  газар аваад байна. Эцэг нь  сураг тасарчихдаг,  ээжүүд араас нь утасдаж, элдэж  хөөгөөд нэхээд явдаг. Өгөх юмтай байсан ч өгдөггүй, хүмүүнлэг бус байдал газар авч байгаа учир хүүхдүүдийн тэтгэмжээ өгдөггүй эцэг эхийг цагдан хорих, албадан хөдөлмөр эрхлүүлдэг хуулийн зохицуулалт Монголд хэрэгтэй байна.

Иймээс би УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандсан байгаа. Тэр мөнгөөр хүүхэд дэвтэр номоо авмаар байна шүү дээ. Хүүхэд нь хүнс, шим тэжээлийн дутагдалд орж буй айлд тэтгэмжийн мөнгө  маш хэрэгтэй. Өгч чадахгүй гэж байгаа тохиолдолд төр албадан хөдөлмөр эрхлүүлж, төлүүлдэг зарчимд шилжих ёстой. Эцэг эхийн хариуцлагагүйгээс хүүхэд сэтгэл санааны хүнд байдалд орж байна. Сүүлийн үед ЕБС-ийн захирлууд “Манай сургуульд сэтгэлзүйчид хэрэгтэй байна. Энэ хуулийн төслийг  дэмжээд өгөөч” гэж. Би үүнтэй санал нэг байгаа. Хүүхдийг  сэтгэлзүйн шоконд оруулах  ёсгүй. Тэдний хүмүүжлийн суурь нь гэр бүл.  Монголын ирээдүйн иргэн зөв  хүмүүжил төлөвшилтэй,  зөв үзэл хандлагатай болж өсөхөд аав ээжийн үүрэг маш чухал. Иймд үүргээ биелүүлэхгүй байгаа аав ээжүүдэд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлье гэж хэлээд байгаа юм. Шүүхийн мэдээллийн сангаас харахад 100 гаруй эмэгтэйн эх байх эрхийг хассан. Энэ бол  манай эмэгтэйчүүд хүртэл ямар ха­риуц­лагагүй болсны тод жишээ.

–Хүүхэд хамгааллын асуудал дотор “Өдөр өнжүүлэх төв”-үүдийн стандарт, шаардлага ямар байгаа бол?

-“Өдөр өнжүүлэх төв” хаа сайгүй бий болж. Сүүлийн үед борооны дараах мөөг  шиг байшин болгоны булан, сургуулийн эргэн тойронд байх боллоо. Ерөнхийдөө нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг дагаж бий болж байна уу гэж үзэх хандлагатай байна. Хууль эрх зүйн үндэслэлийг  авч үзвэл боловсролын тухай хуулийн 3.1-ийн 19-д өдөр өнжүүлэх үйлчилгээний зохицуулалтыг заасан. Түүнд “Эцэг  эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу сургалтын байгууллага нь иргэнтэй харилцан тохиролцож үйлдсэн гэрээний үндсэнд эрүүл, аюулгүй орчин, хүүхдийг асран хамгаалах, хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалтаас гадуур үзүүлэх үйчилгээ юм”   гэж тусгасан  байгаа. Энэ үйлчилгээ нь сүүлдээ “Өдөр өнжүүлэх төв” гэсэн бие даасан байгууллага  болжээ. Гэтэл энэ нь сургуулиас хамааралгүйгүй  өөр нэг сонирхогч этгээд байгуулах хандлага байна. Дээр нь бизнесийн хандлага ажиглагдах боллоо.

Зах зээлийн судалгааг авч үзэхэд сард тус төв 250-350 мянган төгрөгийн төлбөр авдаг. Хүүхэд 2-3 цагийн хооронд хичээл тарлаа гэхэд орой ээж аав нь ирээд автал 3-4 цагийн хугацаатай тэнд ойр зуурын хоол идэж, хичээл давтдаг үйл явц болоод байна. 10 сарынх нь нийт төлбөрийг харахад их,дээд сургуулийн төлбөрөөс ч өндөр гарч байна. Ийм өндөр төлбөртэй бизнесийн бичил орчнууд бий болж байгаагийн нөгөө талд стандарт, шаардлагын асуудлыг ярих ёстой. Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлд үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлагыг  боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага батална гэж заасан. Гэтэл төрийн захиргааны төв  байгууллагаас нь стандарт журам гараагүй байна. Тиймээс  өнөөдөр хаанаас ч зөвшөөрөл авахгүйгээр, зарим нь  дүүргийнхээ Хөдөлмөр эрхлэлтийн төвөөс сургалт явуулах зөвшөөрөл гэсэн хэлбэрээр авч байх шиг байна.

ШӨХТГ-т эцэг, эхчүүд хандсан байдаг. 250-350 мянган төгрөгөөр үйлчилгээ үзүүлэх нь оновчтой юм уу. Хүүхэд 3-4 цаг л тэнд үйлчилгээ авч байгаа, үйлчилгээ, үнэ хоёрын хооронд шаардлага хангаж байна уу. Үнэ хэт өндөр байгаа нь эцэг эхчүүдэд эдийн засгийн дарамт болж байна гэж. Завгүй эцэг эхчүүдэд энэ үйлчилгээ хэрэгтэй, гэлээ ч  сургалтын орчин ямар байх, ямар сургалт явуулах вэ, боловсон хүчний ямар шаардлага хангах ёстой вэ гэдэг  шаардлага тэнд тавигдахгүй байна. Сэтгэцийн өөрчлөлттэй хүн тэр төвийг ажиллуулж байвал яах вэ. Хүүхэд энэ байдлаас болж гэмтэж, бэртвэл яах вэ. Өгч байгаа хоолыг ямар нэг өвчний вирус тээдэг хүн бэлдээд үйчилгээ үзүүлчихвэл яах бэ гэдэг асуудал ч бий.   Жижигхэн өрөөнд олноор нь чихээд, унтуулж амрааж байна гээд нийтийн хэрэглэл дээр амраадгаас өвчин эмгэг тусвал яах вэ.

Энэ асуудлаар УМХЕГ-ынхантай уулзсан. Тэд ямар стандарт, шаардлагын хүрээнд шалгахаа мэдэхгүй байна. Энэ бол хуулийн нэг цоорхой болоод байна гэдгийг  хэлж байсан. Нийслэлийн боловсролын газар, БСШУСЯ-нд ч хандсан. Тэд “Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны асуудал, цаана нь бизнесийн харилцааг зохицуулж буй тул бид журам гаргах боломжгүй” гэсэн. Хоёр яам бие бие рүүгээ чихэж байгаагийн дунд хүүхдийн эрх зөрчигдөж  байна.

Дээр нь монгол хүүхдийн хоол, хүнсний асуудалд бизнесийн оролцоо байх ёсгүй, үүнийг журамлах ёстой. Ер нь бол “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжих ёстой,  үүнийг буруутгах аргагүй. Өнөөдөр  ард түмний амьдрал ямар байгаа билээ, төр ирээдүйн  иргэнээ  анхаарах ёстой. Харин үдийн цай, хоол гээд  гурилан  бүтээгдэхүүн, жүүс өгөөд байвал юу болох вэ. Манай улс анх 2006 онд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төсвийг нь шийдсэн байдаг. Анх 400 төгрөгөөр  төсөвт тусгасан  бол өнөөдөр нэг хүүхдэд ногдох мөнгө нь 600 төгрөг байгаа. Гэтэл “Үдийн цай” нь яагаад “Үдийн хоол” болчихов гэдэг асуудалд дүгнэлт хийх хэрэгтэй. Өдөр болгон гурилан бүтээгдэхүүн өгөөд байхаар хүүхэд жингийн илүүдэлтэй болж,  хоол хүнсний аюулгүй байдал зөрчигдөж байна. Иймд “Үдийн цай”-ны стандартыг  гаргах хэрэгтэй. Цэс, жор нь батлагдсан уу гэдгийг анхаарах ёстой. Урсгалаар явж болохгүй. Ер нь  бол  хоол, хүнсний аюулгүй байдалд тавих төрийн бодлого чухал юм. Бусад оронд  хоол хүнсний аюулгүй байдлыг тусгайлан анхаарч ажилладаг мэргэжлийн агентлаг ажиллуулдаг. Тэгвэл манайд алга.

–Эцэст нь асуухад хүүхэд хамгааллын асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч санал оруулж өнгөрсөн жил таван тэрбум төгрөг төсөвлүүлсэн. Гэтэл холбогдох байгууллагууд нь энэ мөнгөний ихэнхийг та­вилга авахад зарцуулсан гэх юм. Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд та энэ  талаар  судалж үзэв  үү?

-Монголын төр хүүхдийг хамгаалах, энэ чиглэлд бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч мөнгө төсөвлөж байгаа. Тухайлбал, сая “Үдийн цай”-ны талаар ярилаа. Тэрийг дундаас нь бизнесийн байгууллага хамж авдаг байдлыг болиулах ёстой. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн өгөөд байна шүү дээ. Төрөөс төсөвлөсөн мөнгөнөөс дор хаяж  30  хувь нь  хорогдож байна. Энд эцэг эхчүүдийн хяналт маш чухал юм. Хоол, хүнс үйлдвэрлэгч, түрээслэгчдэд найдаж болохгүй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургуулийн цайны газар  түрээсийнх байна уу, үгүй юү гэдгийг ороод харчих хэрэгтэй. Цайны газрын сонгон шалгаруулалт яаж явдаг нь бас асуудалтай. Тухайлбал, сургуулийн захирал нь энэ асуудалд нөлөөлөх боломжтой харагдаж байна.  Дээрээс нь дарамт ирдгийг ч зарим сургуулийн захирал хэлж байгаа. Төр хүүхдийн хоолонд мөнгө төсөвлөж байгаа бол түүнийхээ хариуцлагыг хүлээж зөв бодлогоор авч явах ёстой.

Хүүхэд хамгааллын асуудалд тавьсан мөнгө  зохих эзэндээ хүрч байна уу гэдгийг ярихад  Монгол Улсын Ерөнхийлөгч  өнгөрсөн жилээс эхлэн хүүхэд хамгааллын асуудлыг ярьж, олон ажил зохион байгуулж байгаа. Дээр нь Ерөнхийлөгчийн зүгээс  хамгийн их анхаарал татсан хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудал, хүүхдийн эрхийн хамгааллын асуудал учир дутагдалтай байгаа учраас хүүхэд эндэж байна гэж үзэж төрийн байгууллага, олон нийтийн байгууллагын хамтын оролцоо чухал байна гэдгийг ажлаа авсан цагаас эхлэн ярьж, тодорхой ажил санаачилж ирсэн. Бодитой ажлын  нэг нь өнгөрсөн жил хүүхэд хамгааллын асуудлаар улсын төсөв ямар байгаад анхаарал хандуулсан. Хүүхэд хамгааллын чиглэлд манай улс ердөө 800-хан сая төгрөг төсөвлөсөн байсан. Хүүхдийн эрхийг хангуулах, хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудалд төсвийг нэмүүлэх шаардлагатай гэдэг асуудлыг Төрийн тэргүүн тавьж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа АЭХ-ны гишүүд, эмэгтэйчүүдтэйгээ хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, олон нийтийн анхааралд оруулснаар 800 сая төгрөгийг таван тэрбум болгож батлуулсан. Энэ мөнгөний захиран зарцуулалтыг  салбарын яам, Гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хянаж хэрэгжүүлдэг. Өнөөдөр төсвийн тодотгол хэлэлцэж буй мөчид таван тэрбум төгрөг хэрхэн зарцуулагдав гэдэгт би Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын орон тооны бус зөвлөхийн хувьд анхаарал хандуулж шинжилгээ хийж үзсэн, харамсалтай дүн гарсан.

Энэ юу вэ гэвэл, 2018 оны төсвийн тайлангаас үзэхэд 3.7 тэрбум  төгрөгийг нь байгууллагын үйл ажиллагааны зардал болон эд хогшил, тавилга худалдан авахад зарцуулсан байна. Нөгөө бидний  хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж өгөөч  гэсэн, хүүхдийн эрхийн чиглэлээр дуугарах ёстой байгууллагууд түүнд зарцуулах ёстой мөнгийг эд хогшил тавилга болгоод үрэн таран хийчихэж. Дээр нь 957.5  сая төгрөгийг мэдээлэл сурталчилгаа, урлагийн наадам, тэмдэглэлт ойн өдрүүд зохион байгуулсан, найман хувийг нь сургалт, семинар хийхэд зарцуулсан байна. Үлдсэн 10-хан нь л хүүхэд хамгааллын ажилд зарцуулагдсан гэсэн тайлан мэдээ гарлаа. Би энэ мэдээллийг Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас гаргасан “Монгол Улсын нэгдсэн төсөв-2019” эмхтгэлээс олж харсан. Түүнд тодорхой байна лээ. Хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулах төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан төрийн албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой. Тэр хүмүүс төрийг  хохиролгүй болгож, түмний хүүхдийг хамгаалахад төсөвлөсөн мөнгийг гаргаж ирэх ёстой. Хяналт, шалгалт хийдэг байгууллагууд үүнд анхаарлаа хандуулаасай гэж бодож байна.

Ер нь нийтлэг нэг асуудал бол яам, агентлагууд сургалт, семинар хийх нэрээр төрийн мөнгийг ихээр төсөвлөдөг, тэмдэглэлт арга хэмжээ нэрээр төсөв үргүй зарцуулдгаа таслан зогсоох ёстой. Төсвийн мөнгөний зарцуулалтад хяналт тавьдаг, төрийн байгууллага ажлаа хариуцлагатай хийдэг,  зориулалтын дагуу зарцуулж буй эсэхэд хяналт тавьдаг бол ийм зөрчил дутагдал гарахгүй. Мэдэгдсэн нь л энэ, мэдэгдээгүй хэчнээн төрлийн мөнгө завшилт явагддаг байхыг таашгүй. Хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвлүүлсэн таван тэрбум төгрөгийн хойноос бид асуудал тавина.

Зууны мэдээ

Ч.Үл-Олдох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button