Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд Засаг дарга нь ялжээ
Өнгөрсөн ням гарагт хоёр аймаг, таван суманд нөхөн болон дахин сонгууль явагдлаа.
Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гараг, 10 дугаар сарын эхний ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан байдаг бөгөөд энэ журмаар явагдсан юм.
Нөхөн болон дахин сонгуульд Монгол ардын нам болон Ардчилсан намаас нийт 15 нэр дэвшигч өрсөлдөхөөр саналын хуудсанд бичигдсэн бол нийт 21007 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулсан байна.
Нөхөн болон дахин сонгууль явуулж байгаа аймаг, сумдаас хамгийн их өрсөлдөөнтэй нь Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль байв. Уг нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ж.Батсуурь ялалт байгуулжээ. Тэрбээр Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа билээ.
О.Сайхан
Оллоо.mn