Г.Эрдэнэбат: Ц.Амгаланбаатар Т.Чимгээ нарын ангийг өөрчилсөн болохоос дэглэм бууруулаагүй
Тодруулбал, алуурчин гэх Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа гуравт 20-25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр гурван шатны шүүхээс шийдвэрлэсэн билээ.
Харин одоо хэргийн захиалагчийг илрүүлэхээр хууль хүчний байгууллагынхан ажиллаж байгаа бөгөөд талийгаачийн хамтран амьдрагч Б.Булганыг гэрч биш энэ хэргийн хамжигч хамтрагч байсан байж магадгүй гэсэн үндэслэлээр ТЕГ-аас яллагдагчаар татаж шалгаад жил гаруй хугацаа өнгөрөв. Хэргийг нууцлалын зэрэгт шалгасан хэвээр.
Гэвч сэжигтэн Б.Булган өнөөдрийг хүртэл мэдүүлэг өгөөгүй, ямар нэгэн юм хэлэхгүй ярихгүй байгаа гэх мэдээлэл бий. Үүнийг хуулийнхан үгүйсгэж, “Гурван удаа мэдүүлэг өгсөн шүү дээ” гэж ярьсан удаатай.
Харин өнгөрсөн долоо хоногоос эхэлж чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа гурван ялтныг дэглэм бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлжээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн.
Үнэхээр дэглэм бууруулсан юмуу, чангаас энгийн дэглэмтэй анги руу шилжүүлсэн эсэхийг ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурор болон хуулийнхан сайн мэдэж байх ёстой юм.
Салбарын сайд нь болохоор “Энэ хүмүүс 20-25 жилийн ялтай. Одоо мөрдөж буй хуулиар ийм хүмүүсийн ялыг хаалттай буюу чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх учиртай юм. Гэтэл ял шийтгүүлснээс нь хойш бараг бүтэн жил хуучнаар буюу гянданд ял эдлүүлээд байсан юм билээ, хууль зөрчөөд гэсэн үг шүү дээ. Гянданд цаазын ял авсан эсвэл бүх насаараа хорих ял авсан хүнийг хорьдаг. Тиймээс одоогийн мөрдөж буй хуулийн дагуу байх ёстой газарт нь шилжүүлсэн гэсэн үг” гэсэн тайлбарыг хийсэн юм.
Тэгвэл Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат ярихдаа “Би гүйцэтгэгчидтэй холбоотой асуудлыг мэднэ. Мөн ялтнуудын асуудлыг ч сайн мэднэ. Тэр гурван хүн нээлттэй хорих анги руу шилжээгүй, харин хаалттай хорих анги руу шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, тусгай дэглэмтэй хаалттай хорих ангиас 409 гээд хаалттай хорих анги руу шилжсэн. Тэр хорих анги дотор хаалттай ч нээлттэй ч дэглэм бий. Тэр ангийнхаа нээлттэй дэглэмд оруулсан байгаа юм. Дэглэм буурсан зүйл ерөөсөө байхгүй. Гэтэл нийт даяараа нээлттэй хорих ангид шилжүүлжээ гэсэн буруу ташаа мэдээлэл цацсан” гэв.
О.Сайхан
Оллоо.mn