Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хойшлуулав
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.
Гэвч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд АН-ын бүлгийн 2019 оны төсвийн төслөөс авсан завсарлагын хугацаа дууссаны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Ингэснээр тухайн хуулийн төслүүдийг дараагийн долоо хоногт хэлэлцэхээр болж байна. Хэлэлцүүлэг нь хойшилсон төслүүдээс олны анхаарлыг татаж буй төсөл нь хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн хэдэн хувьд нь олгохыг зохицуулсан төсөл юм. Засгийн газар 2019 оны төсвийн төслийг өргөн барихдаа нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгийг олгохоор тусгасан тухайгаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөний олголтыг ирэх онд 20 хувиар нэмэгдүүлнэ гэсэн юм.
О.Сайхан
Оллоо.mn