Барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна
Энэ жил Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр УБ-Чойрын замаас НБМҮТПарк хүртэл нийт 4,67 км авто зам баригдахаар болж гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлээд байна. Уг замыг 40 метр өргөн, 4 эгнээтэй, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гээд цогцоор нь барьж 2019 онд ашиглалтанд оруулах юм. Мөн паркийн үерийн барилга байгууламжийн ажил хийж гүйцэтгэх, хүлээлгэн өгөх тендерийг БХБЯамнаас зарлаж гүйцэтгэгч байгууллагаар “Заабар” ХХК шалгаран үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Үерийн барилга байгууламжийг энэ оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгнө. Одоогийн байдлаар Улс, Нийслэлийн төсвөөс 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн ажилд хийгээд байгаа бөгөөд цаашид ч дэд бүтцийн ажлууд шуурхай явагдаж, тэр хэрээр Нийслэл хотын барилгын салбарын хөгжил хурдсах, Налайх дүүрэгт бүтээн байгуулалт хийгдэж шинээр ажлын байр үүсэх гол хөшүүрэг болох юм.