Армийнхаан, хүн чанартай хүнлэг байгаач
Хүүгээ албанд явуулсан болохоос авсанд ороод ир гэж явуулаагүй байлтай. Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг А нас барсан хэрэг энэ сарын 22-нд гарлаа. Харамсалтай байна. Хууль хүчнийхэн болохоор гадны нөлөөгүй нас барсан гэж өчигдөр мэдээлэл хийсэн.
Салбарын сайд нь тоосон шинжгүй тайлбар өгсөнд ар гэрийнхэн болон олон нийт дургүйцэж эхлэв. Ядаж хүнлэг байж сураач, армийнхаан. Хүний нялх үр амиа алдчихаад байхад хүн ёсоор эмгэнэл илэрхийлчихгүй дээ гэж бодож байна. Хэрвээ өөрийн тань ойрын тань хүүхэд амиа алдсан бол гэсэн бодлоор нэг бодоод үзэхгүй дээ.
Үхлийн шалтгаан нөхцлийг эцэслэн тогтоогоогүй юм байхад цагдаагийн байгууллагаас яаран “Хүүрийн толбо” гэсэн мэдээлэл хийв. Хүүрийн толбо гэж юу байдаг юм бэ, үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаад өгөөч.
Эв эрүүл эсэхийг нь хоёр шатны эмчийн үзлэгээр оруулж цэрэгт татна, тэгээд хүүрийг нь явуулаад, "Хүүрийн толбо" гэж ийм юм байдаг гэж тайлбарлах нь зохистой юу. Үхсэний хохь болж ар гэрийнхнийг арай муухай доромжилж байгаа юм бишүү.
Ах нь “Гадны нөлөөгүй нас барсан гэж худлаа хэлээд байна. Миний дүүг ухаан балартал нь зодож, хөнжлийг нь үүрүүлж гүйлгэсэн гэж цэргүүд нь ярьж байна билээ. Бүх баримт нь ч байна. Энх цагт эр цэрэгт явуулсан дүүгээ алдсанд харамсалтай гомдолтой байна. Салбарын сайд болоод холбогдох дарга нар нь илт худлаа хэлж, ярьж байна” гэж уйлан ярьсан юм.
Ийм байж болохгүй ээ, хүний хайртай үр амиа алдчихаад байхад хүнлэг, хүн чанартай ёсзүйтэй байхыг хүсье ээ, салбарын яам болон армийнхаан.
О.Гэрэл
Оллоо.mn