Ухаан алдаж унахад “Баашилж байна” гээд зодсон нь үхлийн шалтгаан болсон гэв

Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байгаад амиа алдсан цэргийн ар гэрийнхэн өмгөөлөгч авсан байгаа билээ. 

Энэхүү харамсалтай хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийсний дараа, хохирогчийн өмгөөлөгч Э.Билгүүн, Б.Өлзийцэрэн хоёр мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Э.Билгүүн “Талийгаач харамсалтайгаар амиа алдсан цэргийн талаар цагдаагийн байгууллагаас урьдчилсан дүгнэлт гаргаж, нийгэмд буруу ташаа мэдээлэл тарааж байгаад өмгөөлөгчид бид өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлаж байгаа юм.

Хэргийн жинхэнэ бодит мэдээллийг өгье. Цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулах ёстой байтал золгүй байдлаар амиа алдсан гэж нийгэмд худал мэдээлэл тараасанд ар гэрийнхэн нь гомдолтой байна. Талийгаач өөрөө гүйж байгаад бахардаж унаад нас барсан гэсэн мэдээллийг гаргасан.

Гэтэл талийгаачийг бахардаад унахад дээрээс нь цохиж өшиглөж харгисласан талаарх баримтыг хамт гүйж байсан цэргүүд нь гэрчилдэг. Цэргийн ангийн бичлэгт бол талийгаачийг тэнхээгүй болтол зодсоны дараа гүйлгэсэн байгаа юм. Ингээд хувцсаа ч өлгөж чадахгүй тамирдаж ухаан алдаад унахад нь чирч орон дээр тавьсан байдаг. Нэг цагийн дараа эмч ирж үзлэг хийхэд нас барсан байдаг. Талийгаач ямар нэгэн суурь өвчингүй, эрүүл саруул чийрэг биетэй нэгэн цэргийн албанд мордсон.

Эрүүгийн хуулинд шинжээч урьдчилсан дүгнэлт гаргана гэсэн заалт байхгүй. Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Гадны нөлөөгүй нас барсан” гэж хэт нэг талыг барьсан мэдээлэл гаргасан. Үүнд өмгөөлөгчид харамсч байна. Цагдаагийн ажилтныг холбогдох газарт нь шалгуулахаар болсон.

Бид шинжээчдийн хамт Эрдэнэт хотод очиж талийгаачийн цогцост шинжилгээ хийсэн. Нурууных нь хөхрөлт зулгаралт бол хүүрийн толбо бишээ. Гадны нөлөөтэй толбо үүссэн. Хөлийн шилбэ хөхрөлт нязралттай. Мөр  хавьцаа гадны нөлөөтэй шархадсан байсан. Тус ангид өмнө нь цэргүүдийг тамлаж хөлийг нь хөлдөөж тахир дутуу болгож байсан баримт бий” гэв.

Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн “Үхлийн шалтгааныг гадны нөлөөтэй гэж бид үзэж байгаа. Амьсгалын дутагдалд ороод бахардаж байхад яагаад яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээгүй юм бэ. Харин ч бүр баашилж байна гээд зодож тарчлаасан үйлдэл гаргасан нь үхлийн шалтгаан болсон.

Эрүүгийн хуулинд хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар алба хаагчдад хариулцлага хүлээлгэхээр Ерөнхий прокурор болон ЦЕГ-т хандаж байна. Уг гэмт хэрэг нь онц ноцтой гэмт хэрэг учраас МБГ-т шалгуулах хүсэлт гаргасан байгаа” гэлээ.

Түүнчлэн энэ хэрэгт цэргийн ангийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байна.

О.Гэрэл

Оллоо.mn 

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button