Цагдаа бол шүүх биш
Монголын цагдаа ард түмнийхээ амар тайван байдлын төлөө цаг наргүй ажилладаг мөнхийн манаа. Үүнтэй хэн ч санал нийлнэ. Гэхдээ тэд шүүх биш. Хэрэг зөрчлийг бүртгэх, мөрдөн шалгах нь тэдний үүрэг. Харин хэн буруутай болохыг прокурор тогтоож, шүүх шийдвэрлэдэг. Гэтэл сүүлийн үед гэмт хэрэг гарав уу, үгүй юу цагдаагийн ажилтан үсэрч гарч ирээд ийм учиртай, тийм байсан гэж ирээд л яарч сандран тайлбар өгдөг болов. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой цагдаагийн байгууллага гэмт хэргийг урьдчилж дүгнэдэг, тайлбарладаг болчихов.
Өмнө нь гэмт хэрэг гардаггүй биш гардаг, хэргийн газар дээр цагдаа ажилладаг, албан мэдээлэл хийдэггүй биш хийдэг л байсан. Мэдээлэхдээ гэмт хэрэг гарсан нь үнэн эсэх, тэр нь гэмт хэргийн сэдэлттэй эсэх, мөрдөн шалгах ажиллагаа хэзээ эхэлсэн, ямар шатанд яваа талаар мэдээлэл өгдөг байв. Тэгвэл сүүлийн үед энэ зарчим зөрчигдөж, цагдаагийн байгууллагын мэдээлэл олон нийтийг төөрөлдүүлж, бухимдуулах боллоо.
Баримт 1:
ЦЕГ: ЗТХЯ-нд гарсан хэргийг хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн
ЗТХЯ-ны байранд өнгөрсөн наймдугаар сарын 9-ний орой гарсан хүн амины хэргийн талаар цагдаагийн байгууллага маргааш өдөр нь мэдээлэл хийсэн.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр Цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам тээврийн хөгжлийн яамны гадаа хүн нас барлаа гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллалаа. Урьдчилсан байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг та бүхэнд хүргэе. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-н амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлийн дугаар аваад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсний зэрэгцээ “Олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдаж, нэгнийхээ амь насанд халдсан гэх ташаа мэдээлэл байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Г, М нар хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон” гэж мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад цагдаагийн ажилтан уг хэргийг албан тушаалын маргаан биш гээд урьдчилж дүгнэсэн мэдээлэл хийсэн. Гэтэл талийгаачийн найз нөхөд, ар гэрийнхэн болон өмгөөлөгчид хэлэхдээ Б.Махбалын зүгээс ажлаа өгөхийг дарамталж шахсаар аминд нь хүрлээ гэдгийг онцолж байсан. Түүгээр зогсохгүй, хэргийн талаар анхнаас нь олон нийтийг төөрөлдүүлсэн мэдээлэл цацаж, хэрэг дээр ажиллаж буй холбогдох албаныхан номтлох баримтыг дутуу цуглуулж, гэмт хэрэгтэнд аль болох хөнгөн ял ногдуулах гэж байна хэмээн хэлж байсан талийгаачийн аав гомдол бухимдал болоод хүнд өвчнөө даалгүй нас барсан.
Баримт 2:
Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлосон гэж мэдээлэв
“Боловсрол” телевизээс зохион байгуулж байсан “Next Top Model” уралдаант шоу нэвтрүүлгийн оролцогч Ч өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн арваннэгдүгээр давхраас унаж, нас барсан хэрэг гарсан. Хэрэг гарсан тухай дуудлагыг тус хорооллын үйлчилгээний ажилтан цагдаагийн 102 дугаарын утсанд мэдээлснээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай албаны алба хаагчид газар дээр нь очиж шалгалт хийн талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргүүлж, хэргийн газраас 47 кадр зураг, хохирогчийн хурууны хээг авч нотлох баримтад хавсаргасан байдаг. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэхдээ “Талийгаачийн үхэлд одоогоор гадны нөлөө орсон зүйл тогтоогдоогүй, анхан шатны дүгнэлтээр амиа хорлосон байж болзошгүй. Хэргийн мөрдөн шалгалт явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдээлсэн.
Баримт 3:
Даргадаа дэглүүлж амиа алдсан цэргийг гадны нөлөөгүй нас барсан гэв
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай А энэ сарын 22-нд барсан хэрэг гарсан. Тэрээр ямар нэг суурь өвчингүй, эрүүл мэндийн үзлэгт тэнцэж цэргийн албанд очоод дөрвөн сар болж байсан. Цэргийн ангид дарамт, зодуур байгааг өмнө нь ээждээ болон ахдаа хэлж байсан гэдгийг ар гэийнхэн хэлж байгаа. Хэрэг гардаг өдөр дарга нь түүнтэй хамт 17 цэргийг хөнжил пүүгээг нь үүрүүлэн гүйлгэж байсан. Талийгаачийг гүйж байгаад бахардаж унахад дарга нь ирээд “баашиллаа” хэмээн дээрээс нь дэвсэлж байсныг хамт гүйж байсан цэргүүд нь хэлсэн байдаг. Талийгаачийн биед зодуурын шарх сорви, толбо үүсчээ.
Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэхдээ “Талийгаачийн биед үүссэн толбо нь нас барснаас үүссэн хүүрийн толбо гэдгийг хэлье. Цагдаагийн байгууллага ямар нэг гадны нөлөөгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг авсан” гэсэн мэдээллийг хэвлэл, мэдээллийнхэнд өгөв.
Цагдаагийн ерөнхий газраас гэмт хэргийн талаар мэдээлэл хийхдээ энэ мэтчилэн урьдчилсан дүгнэлт гаргах ёсгүй юм. Энэ нь олон нийтийн ойлголтыг буруу ташаа зүйлд чиглүүлж байна гэсэн шүүмжлэлийг өмгөөлөгчид хэлж байна. Цагдаагийн байгууллага аливаа хэргийн мөрөөр Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх үүргийг л хүлээдэг.
Зууны мэдээ
Л.Бэх