“Ум сайн амгалан болтугай” нь бурхан болоочдод зориулсан буяны үг биш

Сар шинэ дөхөж байгаа энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд болон НИТХ-ын төлөөлөгчид өөрийнхөө мэндчилгээтэй цаг тооны бичгийг хэвлүүлж, ард иргэдэд гарын бэлэг болгон тараадаг.

Өнөө жил ч гишүүдийн болон төлөөлөгчийн нэр устай гарын бэлгийн цуваа тасралтгүй үргэлжилж байна. Ихэнх нь хэвийн боов болон календарь, сүү, чихэр, гурил бэлэглэж харагдана.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын хурлын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн зурагтай календарийн мэндчилгээг Гандантэгчилэн хийдийн тэргүүн их хамба, гавьж Д.Чойжамц бичиж өгчээ.

Тэрбээр мэндчилгээний төгсгөлд “Ум сайн амгалан болтугай” гэж бичсэн нь уншигчдад эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Бурхан болоочдын эмгэнэлд ийм үг хэрэглэж, хэлдэг гэсэн ойлголт олон нийтийн дунд байдаг аж.

Тэгвэл энэ үг нь заавал бурхан болооч болон буяны зан үйлд хэрэглэдэг үг биш ажээ. Ерөөлийн сайхан үг гэдгийг учир мэдэх лам нар тайлбарласан байна. Уг нь ерөөл маанийн үг, гэтэл бурхан болоочдод зориулж хэлдэг гэсэн хэвшмэл ойлголт хүмүүсийн тархинд суужээ.

Тодруулбал, Ум үсэг нь А, О, М үсгийн нийлбэр юм. Энэ гурван үсэг нь арилсан чанарын талаас Бурхан лагшин, зарлиг, таалал арилаагүй чанарын талаас амьтаны бие хэл сэтгэл гурвыг бэлгэдэж байдаг гэсэн үг ажээ.

Тиймээс муу үг биш гэдгийг олон нийт ойлгож тунгаах нь зөв болов уу. 

\

О.Гэрэл

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button