Д.Эрдэнэбат: Парламентын түүхэнд хар толбо үлдээсэн хариуцлагаа өөрсдөө хүлээгээрэй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МУ-ын Үндсэн хуульд УИХ-ын даргыг гагцхүү хуульд заасан үндэслэлээр огцруулна гэсэн байдаг. УИХ-ын даргыг огцруулах шаардлага хуулийн дагуу гэж үзэж байна уу, эсвэл хууль батлагдсан болохоор хуулийн дагуу гэж үзэж байна уу? М.Энхболдыг Эрдэнэтийн 49 хувьтай холбоо гэж байна. Энэ талаар тайлбар өгнө үү?
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Бид хуульд заасан үндэслэлээр "өөрөө чөлөөлөгдөх үндэслэлтэй" гэж үзсэн. Харин УИХ-ын дарга өөрөө чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзсэн. Тиймээс ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцээд, хууль санаачлах ёстой гэж М.Энхболд дарга үзээд, хууль санаачилж баталсан. "Эрдэнэт"-ийн 49 хувийн тухайд Сингапурын компанид шилжвэл ноцтой асуудал үүснэ. Үүнээс бид хамтдаа сэрэмжлэх хэрэгтэй.
УИХ-ын дарга М.Энхболд: Сүүлийн өдрүүдэд "Эрдэнэт"-ийн 49 хувийг надтай холбож байна. Шөнө орой манай орон гэрээр очиж уулзсан гэж ор үндэсгүй зүйл ярьж, шударга бус, гүжирдэх явдлыг би туйлын зарчимгүй хэрэг гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Аливаа нэг асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тогтоолын төсөл дээр ойлгомжгүй зүйл байна. Энэ нь парламентын дархлаатай холбоотой. УИХ бол Үндсэн хуулиараа төрийн эрх барих дээд байгууллага. Хамгийн тогтвортой ажиллах ёстой. Өнөөдөр УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл орж ирж байна. Орж ирж байгаа хуулийн төсөл бүрхэг санаатай. Гишүүдийн олонх нь дэмжвэл УИХ-ын дарга сайн муу хамаагүй огцруулах жишиг руу орж байна. Хувь хүнийг огцруулахаар бол ямар нэг учир шалтгаан, үндэслэл байх хэрэгтэй. Харамсалтай нь энэ алга. Дараагийн УИХ-ын дарга томилогдоход олонх гарын үсэг зурахад л дахин чөлөөлөгдөнө. Маш буруу жишиг тогтлоо. Дараагийн хүнд энэ хуулийн заалт хэрхэн тусах вэ? Жилд нэг удаа УИХ-ын даргаа авч хаяад байх юмуу? Энэ асуудлаар байнгын хорооны даргын байр суурийг сонсмоор байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж байна гэжээ. Албан ёс гэдэг нь юу юм бэ? Ардын намынханд харамсаж байна. Өнөөдөр УИХ-ын даргын асуудал ярьж байхад О.Баасанхүү бид хоёроос өөр үг хэлэх хүн алга. Бүгд бүлх залгисан. Парламентынхаа хувь заяаны тухай ярьж байж ийм арчаагүй байж болохгүй. Парламентын түүхэнд хар толбо үлдээсэн хариуцлагаа өөрсдөө хүлээгээрэй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д. Лүндээжанцан: Би өмнө нь хуулийн төслийг хэлэлцэж байхад хариулт өгчихсөн. Ямар толбо үлдэх юм байгаа юм бүү мэд.