“Эрдэнэт”-ийн 49 хувь талынхан арбитрын шүүхэд хандах бэлтгэлээ базааж буй гэв үү
“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотойгоор дахин дуулиан дэгдээд байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” эзэмшдэг. Энэхүү 49 хувийг Оросын “Ростех” гэдэг төрийн компаниас “Монголиан коппер корпорейшн” авсан. Гэсэн ч 49 хувийг дахин борлуулсан тухай мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд дэлгэсэн. Тодруулбал, энэ сарын 11-нд хийгдсэн гэрээгээр Монгол Улсад бүртгэлтэй Монголиан коппер корпорейшн ХХК нь Сингапур улсад бүртгэлтэй ERDENET CORP PTE LTD компанид Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдсан тухай мэдээлэл юм. Олон нийтэд хүрсэн баримтаар бол 400 орчим сая ам.долларын үнэтэй гэгддэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг 40 сая ам.доллароор Сингапурт бүртгэлтэй компанитай Б.Номиндарь гэх бүсгүйд шилжүүлсэн байгаа юм. 1995 онд төрсөн Батсайхан овогтой Номиндарь гэдэг охинд Ц.Пүрэвтүвшин гэдэг хүнээс шилжжээ.
“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Пүрэвтүвшин нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан гэгдээд буй Сингапур улсад бүртгэлтэй ERDENET CORP PTE LTD компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг.
Тэгвэл холбогдох эх сурвалжийн мэдээллээр Ц.Энхтүвшин нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч. Мөн “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Пүрэвтүвшин нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан гэгдээд буй Сингапур улсад бүртгэлтэй ERDENET CORP PTE LTD компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Улмаар Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн эзэмшлийн 49 хувиа өөрийн удирддаг Сингапур улсад бүртгэлтэй "ERDENET CORP PTE LTD компанид шилжүүлсэн байх магадлалтай юм.
Үүнийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын хуулиас гараад явж байна гэсэн үг” хэмээн тайлбарлав. Хэрэв “Эрдэнэт”-ийн 49 хувь Сингапур компанийн эзэмшилд бүртгэгдвэл Монголын УИХ, Засгийн газар, бүр шатны шүүхийн шийдвэр эрхзүйн чадамжгүй болно. Тэгэхээр энэхүү үйл явц “Эрдэнэт-ийн 49 хувь талынхан арбитрын шүүхэд хандахаар зэхэж байгаа юу гэх хардлага дагуулж эхэллээ.
П.ГОО
Оллоо.мн