МАН-ынхны тэмцэл дундаас тодорсон дараагийн УИХ-ын дарга

МАН парламентын үйл ажиллагааг гурван сар гацааж, ард түмнийг төв талбайд уриалан дуудаж, шившгээ дэлгэж дэлгэж дэлгэж сая нэг дараагийн УИХ-ын даргаа тодрууллаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр  МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын дарга У.Хүрэлсүх гурван хүнийг өөрийн хүсэлтээр огцрох шаардлага тавьсан. Шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар “хүлээн авч” ажлаа хүлээлгэн өгсөн. Харин УИХ-ын дарга М.Энхболд энэ шаардлагад “үгүй” гэх хариултыг өгсөн юм.  Учир нь УИХ-ын дарга гэх албан тушаал буух нь өөрөө хуулийн нарийн зохицуулалттай. Иймээс хуулийн дагуу асуудлыг шийдэх хүртэл МАН-ынхан түмэнд шившгээ дэлгэхээс аргагүй байдалд хүрсэн. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжлэгтэйгээр энэ долоо хоногийн эхэнд УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаас нь буулгалаа. 

Харин одоо сар шинийн баяраас өмнө буюу өнөөдөр дараагийн УИХ-ын даргыг томилно. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын дарга У.Хүрэлсүхийн зүгээс санал болгосон Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохоор болж байна. Уг асуудлыг өчигдөр МАН-ын бүлэг хэлэлцэж, нэр дэвшигчийг 100 хувийн саналаар дэмжсэн гэж байгаа. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо чуулган хуралдаж, УИХ-ын даргыг томилно. 

Тэгвэл Г.Занданшатар УИХ-ын дарга болоход бэлтгэгдсэн улстөрч мөн үү? 

УИХ-ын 2012 оны сонгууийн МАН-ын их ялагдлын дараа намынхаа “гал тогоог” хүлээж авсан хүн бол Г.Занданшатар юм. МАН бага хурлаасаа ЕНБД-аа сонгох болоход У.Хүрэлсүх Г.Зандашатарыг дэвшүүлж байсан түүхтэй. 

Г.Занданшатарын хувьд баггүй хугацаанд улс төрийн амьдралд хутгалдсан нэгэн. Сонгуульд ялж ч, ялагдсан явсан эр. 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байгаад 2004 оны сонгуулиар УИХ-ын гуравдугаар тойрог болох Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, дөрвөн жил хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байв. Түүнчлэн 2008 оны сонгуулиар Баянхонгор аймгаас төрийн түшээгээр дахин сонгогдож, улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд ахлагчаар ажиллаж байв.

Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар хоёронтой сонгогдсон Баянхонгортоо ялагдал хүлээсэн байдаг. Гэвч энэ ялагдлынхаа дараа тэр У.Хүрэлсүхийн нэр дэвшүүлсэнээр МАН-ын ЕНБД-ын албыг хүлээж авч байв.

Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгууль түүнд ээлээ өглөө. Төрсөн нутагтаа дахин даагаа нэхэж УИХ-ын гишүүн сэнтийд заларч, жилийн дараа ЗГХЭГ-ын даргын албыг хаших болсон. Харин одоо УИХ-ын даргын сэнтийд суух эрхийг “гардлаа”. Түүнд энэ боломжийг дахин У.Хүрэлсүх олголоо. 

П.ГОО 

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button