30 жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлсэн гавьяатай Гавьяат С.Өлзийхүү

 

Хошин урлагийн салбарт 30 гаруй жил хүчин зүтгэж байгаа С.Өлзийхүү гавьяат жүжигчин бол авах цаг нь болсон байхад өгөхгүй байна, авахгүй байна мэтээр шүүмжлэгчид олон байсан.

Тэгвэл өчигдөр нүдээ олсон шагналын эзнээр С.Өлзийхүү тодров.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаав.

"Өнгөт инээд" продакшны захирал С.Өлзийхүү бусдад инээд хөөр, ухаарал, урам хайрладаг хошин урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй цөөн жүжигчдийн нэг билээ. 

Тэрбээр 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн улаан дипломтой жүжигчин бүсгүй Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьжээ.

Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны "албан ёсны" дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг 30-аад жүжиг, "Их хааны удам", “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.

Түүнчлэн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөшгүй. Тэрбээр “Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч юм.  "Өнгөт инээд" хамтлагийнхан нэрээ сольж, шинэ инээдийг бэлэглэхээр шийдэж өдгөө "Шилдэг өнгө" нэртэйгээр уран бүтээлээ эрхэлж байна.

О.Гэрэл

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button