П.Бадарч: Есөн эрдэнийн орон найраглалд минь Төрийн соёрхол цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарчид Монгол Улсын Төрийн соёрхол цол хүртээлээ.
Шагнал гардуулах ёслолын дараа П.Бадарч гуай хэвлэлийнхэнд сэтгэгдлээ хуваалцлаа.
Монгол Улсын Төрийн соёрхолт, яруу найрагч П.Бадарч “Монголын ард түмэндээ бүгдэд нь баяр хүргэе. Их олон хэвлэлийнхэн иржээ, их баярлаж байна. Миний бие төрийн шагналыг гурван удаа хүртэж байсан.
Дөрөв дэх дээр нь энэ сайхан шагналыг авлаа. Монгол төрийнхөө хойморт, эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулгаасаа гардан авлаа. Ерөнхийлөгч Х.Баттулгад баярлаж байгаагаа илэрхийлье. Ерөнхийлөгч, Тамгын газрын даргаас эхлээд олон ард түмэн минь миний бичсэн "Есөн Эрдэнийн орон" найраглалд минь дуртай учраас Төрийн соёрхол хэмээх эрхэм цол хүртээсэн болов уу. Ард түмэн минь баяртай байгаад баярлаж байна.
Би "Есөн эрдэнийн орон" найраглалаа хилд офицер болоод явахдаа “Үнэн” сонины утга зохиолын эрхлэгч, яруу найрагч Ш.Дулмаа энэ найраглалаа орхиод, уран бүтээлийн комисст өгөөрэй гэж хэлээд хил рүү явсан даа. Хилд байхад гэрээс минь захиа ирж, найраглал маань шагналт байранд орж, анхны яруу найргийн минь мөр эхэлсэн юм.
Миний анхны шүлэг “Үнэн”, “Хөдөлмөр” сонингуудаар гарч байсан. Анхныхаа ном болох “Морьд” найраглалаараа нэрлэж, 1967 онд хэвлэн гаргаж байсан. Энэ жил Халх голын ялалтын 80 жилийн ой болж байгаа. Би маргааш 81 хүрнэ. Халх голын ялалтад зориулж "Морьд" гэдэг найраглалаа бичиж байлаа. Халх голын дайнд хамгийн их морьд оролцсон байдаг юм. Энэ найраглалаараа Монголын утга зохиолд "Морьтой" ирсэн найрагч гэдэг нэр авсан даа.
Монголын ард түмэн моринд хайртай юм чинь ард түмний минь сэтгэлд тод үлдсэн байхаа гэж боддог. Халх голын баатрууддаа сар шинийн баяр дэвшүүлье. Халх голын баатруудаас хамгийн дотно үерхсэн нь Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар гуай юм. Би үргэлж санаж явдаг.
Олон сайхан хүмүүс утсаар баяр хүргэж, дахин олон бүтээл туурвихыг ерөөлөө. Хэвлэлийнхэндээ, ард түмэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье" гэлээ.
О.Гэрэлт
Оллоо.mn