Шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэнэ гэсэн ёс бурхны номонд байхгүй

Монголчууд шинийн 15-ндаа амжиж багтаж тэр жилийнхээ засал номоо хийлгэвэл буян их хурж, олз хийморь арвиждаг хэмээн сүсэглэдэг. Ном уншуулж, даллага авбал тэр жилдээ элбэг хангалуун, өв тэгш, хураасан буян хэд дахин үрждэг гэх ойлголт олон нийтийн дунд их бий.

Тиймээс ч шинийн 15 хүртэл гандан хийдүүд олны хөлд дарагдаж, оочер их болдог билээ.

Тэгвэл заавал шинийн 15-ндаа амжиж хийлгэсэн засал заваа сайн байдаг гэсэн ойлголт, ёс жаяг бурхны номонд байдаггүй талаар лам нар ярьж байна.

Зурхайч, лам С.Чонохүлэгч “Бурхны номонд заавал 15-ндаа багтаж заслаа хийлгэнэ гэсэн ёс жаяг байхгүй. Жилийнхээ засал заваагаа хийлгэнэ гэдэг тухайн хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшил байдаг болохоор хэзээ ч хийлгэж болно. Хамгийн гол нь өөрийнх нь сайн сүлд өдрөө заслаа хийлгэвэл сайн.

Гэтэл шинийн 15-нд  жилийнхээ ноён нуруу, заслыг хүн бүр амжиж хийлгэх гэж яарч тэвдэж, орон хийдэд нэлээн дараалал үүсгэж байна. Энэ өдрүүдэд заслаа хийлгэвэл буян илүү ихээр арвиждаг гэдэг ч заавал амжих гэж улайран тэмцэх шаардлага байхгүй гэж хэлэх байна. Хаврын сардаа ч юм уу эс бөгөөс тухайн жилийнхээ заслыг өөрсдийн цаг зав, боломж бололцоондоо тулгуурлаад л хэзээ ч хийлгэж болно.

Зарим нь шинийн 1-15-ны хооронд хийлгэдэг байхад зарим нь зун намрын дэлгэр цагт гэр бүлээрээ цуглаад жасаа хуруулж, засал номоо хийлгэдэг байсан байх жишээтэй” гэв.

Дамбадаржаалан хийдийн ловон лам Ж.Пүрэвсүрэн “Сүүлийн үед хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэхгүй бол тэр жилдээ ном уншуулж, засал хийлгээд ч нэмэргүй мэт ярьж, ойлгодог болж. Тэгж бурхны шашинд хатуу чанд мөрдөх дэг жаяг байхгүй.

Яагаад 15-ныг чухалчилдаг вэ гэхээр 2600-гаад жилийн тэртээ бурхан багш заларч, өөрийн шашнаа дэлгэрүүлэхээр явж байхад 15 ноён өдөр бүр гүнцэг өргөсөн гэдэг. Үүнд нь бурхан багш талархаад тэдний үйл хэргийг бүтээхэд номын хүчээр тусалж л дээ.

 

Тийм учраас энэ 15 хоногийг их бэлгэшээж, шинийн эхний 15 хоногт ном уншуулбал илүү их буян хураана гэж үздэг болсон хэрэг. Гэтэл энэ яриа явсаар шинийн 15-ны дотор номоо уншуулахгүй бол болохгүй юм шиг ойлгодог болсон байна” гэв.

О.Гэрэл

Оллоо.mn

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button