Долоо хоногийн тойм

Тийн унжлагат хэмээх шороон нохой жил улиран одож, "Урвуулагч" хэмээх шороон гахай жилээ угтаж буй хаврын тэргүүн сарын баяр тохиосон нэгэн долоо хоног өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Сар шинийн барилдаанд Р.Пүрэвдагва түрүүлэв

ХVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглов. Улмаар Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, Алтан Дорнод ХХК-ийн бөх, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв. 

П.Бадарчийг төр соёрхлоо

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төрийн шагнал хүртээх тухай” зарлиг гаргалаа.

ЗАРЛИГТ: “…Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, үеэс үед дуурьсах гарамгай бүтээлүүдийг туурвин урлаг, уран зохиолын боловсрол, гоо зүй, танин мэдэхүй, соён гэгээрлийн гарамгай үйлсийг бүтээж, Монголын уран зохиолын хөгжил, яруу найргийн туурвил зүй, оюун санааны дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь соёрхон үнэлж, үндэсний уламжлал бэлгэдлийг эх орныхоо байгаль, түүх, соёл, ахуйд уялдуулан шингээж, ард иргэд, залуу хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орныхоо эгнэшгүй үнэ цэн, яруу гайхамшгийг таниулсан “Есөн эрдэнийн орон” найраглал туурвисан Монгол Улсын Ардын Уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Их найрагч Б.Лхагвасүрэнтэй даваа гарагт салах ёс гүйцэтгэнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай таалал төгсч Монголын утга зохиолд хүнд гарз тохиолоо. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй даваа гарагт 07.00 цагт Улсын драмын Эрдмийн театрт салах ёс гүйцэтгэнэ. Ерөнхий сайдын захирамжаар Их найрагчтай салах ёс гүйцэтгэх ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас комисс гарган ажиллаж байгаа юм.

Хөгжлийн банкны ТУЗ-д үүрэг өгөв

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ баасан гарагт Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гарагт танилцуулахыг үүрэг болгов. Мөн бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулахаар шийдвэрлэж байгааг хэллээ.

Татварын тайлан хүлээн авах хугацааг сунгалаа

2018 оны жилийн эцсийн санхүүгийн болон татварын тайланг энэ сарын 10-ны дотор хүлээн авах ёстой байсан. Гэвч сар шинийн баяртай холбогдуулан 2018 оны жилийн эцсийн санхүүгийн болон татварын тайлан хүлээж авах эцсийн хугацааг ажлын тав хоногоор сунгаж, хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авахаар шийдвэрлэв. Тиймээс энэ хугацаанд багтаж тайлангаа ирүүлэхийг ТЕГ-аас анхааруулж байгаа юм.

П.Анир

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button