Улсын филармонийн тайзнаа киноны хөгжмийн бүтээлүүд тоглогдоно
Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдогийн “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжим буюу Төрийн шагнал хүртсэн бүтээлийнх нь тухай Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Монголын хөгжмийн зохиолчдын 12 хөрөг” номдоо “Бүхэл бүтэн симфони найраглал, зураглалтай эн тэнцэнэ… Туйлын уран тансаг аялгууг тэрбээр монгол дуунаас эшилж хэрэглэсэн нь бараг үгүй ч ардын дуунаас холдсон ая бас байхгүй…Энэ зохиолынхоо аль ч хэсэгт монгол хүний сэтгэлд тогтон үлдэх, баттай боловсорсон хэмнэлийн цөм бий болгожээ. Түүнийгээ тухайн хэсгийн гол судасны лугшаа болгож чадсанаар хэсэг бүрийн хөгжим нь бие даасан бэсрэг бүтээл болсон. Эдгээр бие даасан бүтээл нийлээд эх сайхан нутаг, эрх чөлөөт амьдрал, цогцлоож байгаа бүхнээрээ бахархсан монгол хүн бүрийн зүрх сэтгэлийн нэгдмэл дуулал болсон юм” хэмээн бичжээ.
Тэгвэл энэхүү бүтээл нь улсын филармонийн тайзнаа дахин тавигдах гэж байна. Мөн орчин цагийн залуу хөгжмийн зохиолчдын төлөөлөгч Хишигтогтохын Алтангэрэлийн бүтээл Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг угтан бүтээсэн Харанхуй хад кино киноны хөгжим анх удаагаа улсын филармонийн тайзнаа 2018 оны 02-р сарын 22-ны 19:00 цагт ганцхан удаа тоглогдох болно. Тоглолтод улсын филармонийн симфони найрал хөгжим удирдаач Б. Батбаатар \СТА\.
Тоглолтын тасалбарыг https://ticket.mn/event/623/ болон улсын филармонийн касснаас аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9919-6623 с лавлана уу.