13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдэд холбогдох шүүх хурал хойшиллоо
Уг хэрэгт Б.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгаж, шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулан, хурьцал үйлдсэн, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.
"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт хоёуланд нь бүх насаар нь хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм.
Ялтнууд дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хуулийн дагуу 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй байсан бөгөөд шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Д.Жавхлан, М.Амарболд нар шүүхэд давж заалдах хүсэлт гаргасан байсан.
Тэгвэл энэхүү хүсэлтийг өнөөдөр Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх байсан ч нэгнийх нь өмгөөлөгч өвчтэй гэсэн шалтгаанаар энэ сарын 21-нийг хүртэл хойшлуулжээ.
Талийгаачийн аав М.Лхагваа нь шүүх хурлын дараа “Давж заалдах шатны шүүхээс анх оноосон ялыг хэвээр нь үлдээгээсэй гэж бодож байна. Бүх насаар нь хорих ял оноосон байхад юундаа давж заалдаж хүний ажил амьдралд гай болоод байгаа улсууд бэ. Хүний сэтгэлийн шархыг сэдрээж байна” гэж ярьжээ.
О.Гэрэл
Оллоо.mn