Хар тамхины хэрэгт 59 холбогдогчтой 24 хэргийг шалгаж байна
Сүүлийн үед хар тамхи мансууруулах төрлийн бодис тээвэрлэх, бусдад зарах, хэрэглэх, насанд хүрээгүй хүүхдүүд хэрэгт холбогдох зэрэг хууль бус үйлдэл гарч байгаа талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг гаргасаар байна.
Тухайлбал, энэ он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэргийн 59 холбогдогчтой, 24 хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж. Энэ тоо нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлт харагдаж байгаа юм.
Өнгөрсөн 2018 онд бүтэн жилийн хугацаанд 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгасан байдаг. Энэ дунд насанд хүрээгүй хүүхэд ч бий. Насны ангиллаар авч үзвэл 18-35 нас залуус 80 хувийг эзэлж байсан. Хар тамхины хэрэг нь хохирогч байхгүй шууд холбогдогч, яллагддагчаар татдаг онцлогтой хэрэг юм.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд “би хамт явж байсан, би татаж байгаагүй” гэж үгүйсгэдэг. Хар тамхийг зөвхөн хэрэглэсэн этгээд биш биедээ авч явсан буюу холбогдож байгаа бүх этгээдүүдийг хэрэгт холбогдуулан татдаг ажээ.
О.Гэрэл
Оллоо.mn