Говийн ховордсон ургамлуудыг сэргээхэд “Эрдэнэс Тавантолгой” хамтарна
“Эрдэнэс Тавантолгой” компаниас зохион байгуулсан инновацийн үйлдвэрлэл сэдэвт зөвлөгөөний үеэр яригдсан чухал асуудлуудын нэг нь говь нутгийн байгаль экологи байлаа. Жил ирэх тусам нэмэгдэж байгаа цөлжилт, элсний нүүдлийн эсрэг нөхөн сэргээлтийг зөв хийж, мод, ургамал тариалах зэргээр байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх нь гол шийдэл болоод байгаа. Компанийн зүгээс эрдэмтэн, судлаачдын бүтээл, судалгааг уул уурхайн үйлдвэрлэлд нутагшуулах зорилгоор Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд говь нутгийн байгаль экологийг хамгаалах, сэргээн босгох төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлж байгаа юм.
Зөвлөгөөний үеэр говийн ховордсон ургамлуудыг сэргээн тарьж ургуулснаар элсний нүүдлийг зогсоох болон уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах төслийг “Амин хэлхээ байгаль” сангаас хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Говь нутагт ургадаг байгалийн ургамал болох хармаг, тоорой, сухай, заг зэрэг ургамал улам ховордож, устаж үгүй болох аюул ойрхон байна. Тиймээс эдгээр ургамлыг таримал хэлбэрээр үржүүлж, говийн хөрсийг ургамалжуулах нь төслийн зорилго юм. Одоогоор Өмнөговьт 10 га газарт дээрх ургамлуудын тарьцыг ургуулах туршилтын талбай бэлтгэж, ус, цахилгаан зэрэг дэд бүтцээ хийгээд байгаа юм байна. Энэ төсөлд голлох ач холбогдол өгч байгаа ургамал нь говийн жимс “Хатан хармаг” гэлээ.
Чихэр өвс, гоёо, цулхирыг сэргээх үндэс болно
“Дэлхийн хүн төрөлхтний нийгэм, соёл, шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжил, хүний зохисгүй хэрэглээнээс болж дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Улмаар Монголын говийн элсэн хөрсний элэгдэл, цөлжилтийн тоосонцор нь Зүүн Азийн орнууд руу нүүдэллэж, “Монголын шар шороо”-ны мананг үүсгэснээр орчны уур амьсгал хуурайшин цөлжилтөд өртөж байна” гэж “Амин хэлхээ байгаль сан”-гийн тэргүүн Б.Баярчимэг ярьсан юм.
Говийн их элсний нүүдлийг тогтоон барьж хэсэгхэн газрын хуралдсан элсэнд хармаг жимсний бутны иш нахиалан ургадаг байна. Гэвч сүүлийн жилүүдэд бут сондуулын нөхөн төлжилт муудсаны улмаас зарим нэг газарт ургахаа больж байгаа нь байгаль өөрөө ургамлаа нөхөн сэргээх чадвар нь буурч байгааг харуулж байна гэв. “Хатан хармаг” ургамлыг тариалах төслийн хүрээнд бут, сондуулыг говийн нөхцөлд тохирсон байгальд ээлтэй технологи ашиглан усалгаажуулж, арчилж, хамгаалах юм байна. Мөн орон нутгийн хармагийн сортыг эрдэмтэн, судлаачидтай хамтран шинжлэн судалж, хармаг жимсний гарц, ургалт, өгөөжийг нэмэгдүүлэхээр зорьжээ.
Бут сондуул байгаль дээрээ нөхөн сэргэж, шинэ залуу ургамал ургаснаар жимслэлт нь сайжирч элсний нүүдлийг тогтоон барих ач холбогдолтой аж. Мөн орчны хөрсөн дэх чийг хадгалагдаж эндемик орчин бүрдсэнээр цаашид чихэр өвс, зүүн гарын гоёо, цулхир зэрэг ургамлууд сэргэх нь “Хатан хармаг” тариалах төслийн хамгийн чухал үр дүн юм байна.
Амин хүчлийн агууламжаар чацарганаас өндөр
Хармаг жимсний талаар мэдээлэл хүргэхэд бутны иш нь нэг метр хүртэл өндөр, бөмбөгөр, дэлхээ нумран тахийсан сөөгөнд ургадаг байна. Навчис нь 1-2.5 см урт, 8 мм хүртэл өргөн. Шаравтар цагаан жижиг цэцгүүдтэй, маш богинохон шилбэтэй, бага зэргийн бамбайрхуу баг цэцэг үүсгэнэ. Цоморлиг нь хагас хүртэл юм уу гүнзгий цуулбарласан, мохоо үзүүртэй өндгөн хэлбэртэй бөгөөд 1-2мм урт байдаг. Дэлбээ нь 3-4 мм урт гонзгойвтор хэлбэртэй. Жимсгэнэ нь хүрэн улаан өнгөтэй, 2-3 мм урт голчтой аж. Энэ ургамал нь Монгол Дагуур, Монгол Алтай, Дундад Халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий, Дорноговь, Говь-Алтай, Алтай, Дундговь аймгийн зүүн, өмнөд талын сумдын нутагт бага хэмжээгээр тохиолддог байна. “Хатан хармаг” нь сул элсийг тогтоон элсний нүүдлийг багасгаж, цөлжилтөөс сэргийлдэг. Хужир мараатай хөрсөнд тэсвэртэй, газрын гүнээс усаа татаж ургадаг бутлаг ургамал бөгөөд 0.7-2.4 хувийн органик хүчил, 21-32 хувийн С витамин агуулдаг байна. Түүнчлэн найман төрлийн тэжээл, 18 амин хүчил, уургаар баялаг зэрэг эрүүл мэндийн чиглэлд асар их ач холбогдолтой ургамал юм. Амин хүчлийн агууламж нь чацарганы шүүснээс өндөр гэдгийг БНХАУ-ын Шинжлэх ухааны Академиас тогтоожээ.
Зууны мэдээ
Б.Солонго