Парламентын нэр хүндийг сэргээх төлөвлөгөө
Тэрбээр ажлаа авангуутаа “Парламентын үйл ажиллагааг шинэчилж байж, иргэдийн УИХ-д итгэх итгэлийг сэргээнэ” хэмээн мэдэгдсэн. Г.Занданшатар дарга “Судалгаагаар Улсын Их Хурлын нэр хүнд тааруу байгааг нуух хэрэггүй. Шинэчлэл зайлшгүй гэж үзэж байна. Ингэж байж парламентад итгэх ард түмний итгэл сэргэнэ. УИХ-ын чуулганы хуралдаан хэрүүлийн танхим, популизмын талбар байх учиргүй. Тиймээс УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж бодож байгаа. Асуудлыг дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлж, нотолгоонд суурилсан мэтгэлцээн өрнүүлдэг, хууль тогтоодог процедурыг сайн судлах хэрэгтэй байна. Энэ зорилгоор УИХ-ын Тамгын газар судалгаа, дүгнэлт гаргах, дээрх хуулиудад өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулж ажиллах шаардлагатай байна. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах ажлаа үр дүнтэй хийж чаддаг байваас парламентын нэр хүнд сайжирна. Дэгийн хууль бол улс орон даяар дагаж мөрдөх эрх зүйн акт гэхээсээ илүү 76 хүн хэрхэн хуралдах тухай дэг журам юм. Ийм учраас дэгээс парламентын үйл ажиллагааны мөн чанар ихээхэн хамаарна” хэмээн өөрийн төлөвлөгөөгөө танилцуулсан.
Үе үеийн парламент өөрсдийн эрх ашигт тааруулж, Дэгийн хуульд “гар хүрч” байв. Харин одоо УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах боломжийг бүрдүүлэхэд анхаарч Дэгийн тухай хуульд “гарах хүрэх” гэнэ. Угаас гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж, хуралдаа суудаггүй гишүүнийг эргүүлэн татах асуудлыг Дэгийн тухай хуульд оруулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Нэг үгээр УИХ-ын гишүүн хариуцлагатай байх асуудлыг зайлшгүй ярих шаардлага тулгарсан учраас Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгараад буй. Харин энэхүү шаардлагыг хэрхэн боловсруулж, парламентын нэр хүндийг хэрхэн сэргээх нь Г.Занданшатарын гарт байна.
Оллоо.мн