Улаанбаатар хотын усны хангамжийг 350 сая ам.доллараар сайжруулна гэв үү
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээний дагуу Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд АНУ-аас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон билээ.
Уг санхүүжилтийг Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийг байгуулах, ус цэвэршүүлэх, дахин боловсруулах байгууламж барих, тус салбарын тогтвортой байдлыг хангах цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулна.
Төсөл хэрэгжсэний үр дүнд Улаанбаатар хотын усны хангамж 20-25 жилээр сунгагдана гэдгийг албаныхан дуулгаад байна. Төсөлд бичигдсэнээр цэвэр усны 52 худаг, түүнийг дагасан дэд бүтэц, ус цэвэршүүлэх байгууламж барих аж. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин боловсруулж “ДЦС-4”-ын хөргөх системд ашиглах юм. Ингэснээр Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 68 сая шоо метрээр нэмэгдэнэ. Энэ хэрээр хот баруун тийш тэлэх дэд бүтцийн боломж бүрдэнэ хэмээн тооцоолоод буй аж.
П.АНИР
Оллоо.мн