А.Балдангомбо:Өсвөр насныхныг уруу татаад байна гэж биднийг буруутгадаг, бид тийм хүмүүс биш

ЛГБТ төвийн эрх зүйн хөтөлбөрийн менежер А.Балдангомботой бэлгийн цөөнхийн талаар ярилцлаа.

-Эхлээд өөрийгөө болон төвийнхөө тухай танилцуулаач?

-2010 оноос хойш ЛГБТ ( эмэгтэй ижил хүйстэн хүмүүс Лесби, эрэгтэй ижил хүйстэн хүмүүс гей, эр эм хүйсийн аль алинд нь татагддаг хүмүүс Бисексуал, Трансжендер буюу хүйсийн баримжааг илэрхийлсэн утга бүхий үгийн эхний үсгийг холбосон хэллэг) төвд ажиллаж байгаа.

ЛГБТ төв маань 2007 онд байгуулагдсан. Байгууллагын маань зорилго Монголд амьдарч байгаа ЛГБТ хүмүүс буюу лесби, гей, бисексуал, трансжендер хүмүүсийн эрхийг хамгаалах юм.

Энэ зорилгоо хангахын тулд манайх гурван хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эрхзүй, эрүүл мэнд, залуучуудын хөтөлбөрөөр дамжуулж олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулдаг.

Эрх зүйн хөтөлбөрийнхөө хүрээнд бид Монголд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, сайжруулахад санал өгөх, судалгаа хийх, хүний эрхийн зөрчлийг баримтжуулах ажил хийдэг.

Эрүүл мэндийн хөтөлбөрийнхөн маань сэтгэцийн эрүүл мэндэд илүү анхаарал тавьдаг.

Монголд ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага цөөнгүй байдаг учраас энэ тал руу ордоггүй.

Бид өсвөр насны ЛГБТ хүмүүс, сэтгэцийн тулгамдсан асуудалтай ЛГБТ хүмүүст илүү анхаарч ажилладаг. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, сэтгэл зүйчидтэй хамтарч ажилладаг. Хүнтэй холбоотой асуудал нарийн. Эцэг эх нь хүүхдээ мэдэхгүй явж байгаад гэнэт мэддэг. Хамгийн түрүүнд “Миний хүүхэд хэнд уруу татагдчихав” гэдэг. Ийм л ойлголтоор ханддаг. Залуучуудын хөтөлбөр маань бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа, ялгаатай байдлын талаар үнэн зөв мэдээлэл хүргэдэг.

-Өсвөр насныхныг уруу татаад буруу зам руу оруулаад байна гэсэн шүүмжлэл их явдаг. Үнэхээр уруу татагддаг юмуу, эсвэл төрөлхийн бэлгийн чиг хандлага нь өөр хүүхдүүд байна уу?

-Өсвөр насандаа өөрийгөө яаж таних вэ, ямар хүмүүст хандаж мэдээлэл авах вэ, сэтгэл гутралд автсан тохиолдолд ямар сэтгэл зүйчид хандах талаар манайх туслалцаа үзүүлдэг. Уруу татагдах зүйл ерөөсөө байхгүй. Харин иймэрхүү асуудал тулгараад, тулгамдаад манайд орж ирдэг эцэг эхчүүд бий. Саяхан гэхэд нэг эгч  орон нутгаас утасдсан. Манай 11 настай хүү нь намайг байхгүй үед хувцсыг минь сонирхож өмсөөд байдаг талаар 5 настай дүү нь ярьсан юм. Тэгээд манайд хандаж зөвлөгөө авсан. Өсвөр насныхныг уруу татаад байна гэж биднийг буруутгах нь бий. Бид тийм хүмүүс биш.

Нэг дүүргийн хуулийн хэлтсийн мэргэжилтэн “Та нар өнгөрсөн жил бага насны хүүхдүүд жагсаасан шүү дээ” гэсэн. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор 16 насанд хүрсэн хүн бүр жагсах эрхтэй. Энэ наснаас дооших хүүхдүүд эцэг, эхийнхээ зөвшөөрлөөр эсвэл хамт жагсч болдог. Хүүхдийн эрхийн хуульд хүүхдийн үзэл бодлыг томчууд бид хүндэтгэх ёстойг тусгасан байдаг. Цаасан дээр бичигдсэн хуулийг мөрдөж байгаа албан тушаалтан ховор санагддаг.

-Монголд ЛГБТ хүн хэр олон байдаг вэ?

-Энэ оны дөрөвдүгээр сард 430 хүнээс судалгаа авсан. 15-25 насныхан 35 орчим хувийг нь эзэлж байсан. 25-39 насныхан дийлэнхи хувийг нь эзэлж байгаа. Түүнээс дээш насныхан харьцангуй цөөн болоод явчихна. Монголд хичнээн ЛГБТ хүн амьдарч байгааг одоохондоо гаргах боломжгүй. Хүн амын тооллогоор хүйсийн баримжаа, бэлгийн чиг баримжаа илэрхийлэлтэй холбоотой нээлттэй асуулт оруулах боломжгүй. 2020 онд хүн амаа тоолохдоо энэ асуултыг яаж оруулах вэ гэдгийг ҮСХ-той ярилцах санаатай байна.

-Хүн амын 10 хувь нь ЛГБТ байх магдалалтай гэж үздэг билүү?

-Олон улсын жишгээр хүн амын 10 хувь гэж үздэг. Гэтэл АНУ хүн амаа тоолоход ЛГБТ 9.2 сая хүн тоологдсон. АНУ 150 сая хүнтэй шүү дээ. Түүний 9.2 сая нь “Би ЛГБТ хүн” гэж дугуйлсан гэсэн үг. Хүн амын тоотой харьцуулахад 10 хувьдаа хүрэхгүй байх жишээтэй.

-Бусдад уруу татагдах гэсэн хандлага түгээмэл гэж дээр ярьсан. Ижил хүйстэндээ татагдах нь төрөлхийн, заяамал зүйл гэдгийг хүмүүс мэдэхгүй байгаатай холбоотойгоор ингэж харддаг юм болов уу?

-Сэтгэлзүйн шинжлэх ухаан ижил хүйстэндээ татагдах үзэгдлийг их судалсан л даа. Гомосексуэль гэдэг үгийг анх 1840-өөд онд Германы эрдэмтэн шинжлэх ухааны нэр томъёо болгож оруулж ирсэн. Түүхийн туршид ЛГБТ хүмүүс байсаар л байсан.

Гэхдээ шашны үзэл хандлагаар нүгэл гэж үздэг учраас түүхээс хасдаг. 1926 онд анхны гей баар Германы Берлин хотод анх байгуулагджээ гэдэг мэдээг хайж судалж байж л олж үзнэ.

Дэлхийн II дайны үед ийм хүмүүсийг эмчлэх гэж үзсэн. Бэлгийн чиг баримжааг нь өөрчлөх гэж маш их оролдсон. Германчууд, хойд хөршүүд маань энэ тал дээр хэнийг ч дагуулахгүй. Маш их судалгааны материалтай, хэн ч, хэзээ ч эмчлэгдээгүй. 1958 онд Их Британын нэгдсэн вант улс Эрүүгийн хуулиасаа ижил хүйсийн бэлгийн хавьтлыг гэмт хэрэг гэж үзсэн заалтыг хассан байдаг. Тэр үед хоёр жилийн хорих ялтай байсан.

Нэг бол эмчилгээнд яв, эсвэл шоронд суу гэдэг. Хүмүүс шоронд суухгүйн тулд эмчилгээнд явдаг. Эмчилгээний гаж нөлөө амиа хорлолтод хүргэдэг байж. Энэ юуг харуулж байна гэхээр эмчлэгдэхгүй гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Харин шинжлэх ухаан юунд хариулж чадахгүй байна гэхээр яагаад ЛГБТ хүмүүс төрдөг юм бол гэдэг асуултад.

-Тэгэхээр удамшдаггүй гэсэн үг үү. Эрүүл, эгэл жирийн аав, ээжээс төрсөн хүүхэд ч ижил хүйстэндээ татагдаж болох уу?

-Жишээлбэл миний эцэг, эх хайр сэтгэлээрээ ханилаад есөн хүүхэд төрүүлсэн. Есөн хүүхдийн хамгийн бага би нь гей байх жишээтэй. Би яагаад гей болоод төрчихсөн бэ гэдэгт л шинжлэх ухаан хариулт өгч чаддаггүй.

-Ижил хүйстэндээ татагддаг гэдгээ хэдэн наснаасаа мэдэрч эхлэх вэ?

-Трансжендер хүүхдүүд бол дөрөв, таван наснаасаа л өөрийгөө илэрхийлж эхэлдэг.

-Трансжендер гэдэг ямар нь билээ?

-Эхлээд би бэлгийн чиг баримжаа гэж яриад байгаа. Дараа нь би хүйсийн баримжаа илэрхийлэл гэж ярьсан. Бэлгийн чиг баримжаа гэдэг нь аль хүйсийн хүнд би татагдаад байгаа тухай ойлголт. Би эсрэг хүйсийн хүндээ татагдаад байна уу, ижил хүйсийн хүндээ татагдаад байна уу. Тухайлбал би ижил хүйстэндээ татагддаг хүн. Бэлгийн бойжилт явагдаж дуусах үед хүн ямар хүйсийн хүнд татагддаг гэдгээ мэдэрч эхэлдэг. Миний хувьд бол охидыг бус хөөрхөн хүү хараад догдлож байсан гэсэн үг.

Хүйсийн баримжаа илэрхийлэл гэж бас бий. Би өөрийгөө эрэгтэй хүн гэж мэдэрч байна уу, эмэгтэй хүн гэж мэдэрч байгаа юм уу гэдгийг илэрхийлдэг ойлголт. Дахиад өөр дээрээ жишээ авъя. Би гей юм байж. Тэгвэл миний хүйсийн баримжаа илэрхийлэл эрэгтэй.

Яагаад гэвэл миний биологийн хүйс ч эрэгтэй. Би өөрийгөө эр хүн гэдгээрээ мэдэрдэг. Харин эрэгтэй мөртлөө өөрийгөө эмэгтэй гэж мэдэрдэг эсвэл эмэгтэй мөртлөө өөрийгөө эрэгтэй гэж мэдрэхийг трансжендер гээд байгаа юм. Эр, эм аль ч хүйсийн хүнд татагддаг хүмүүсийг бисексуэл гэдэг.

-Та найз залуутай гэсэн үү?

-Тийм. Найз залуутайгаа 12 жил амьдарч байна.

-Та хоёр хамтдаа явахдаа хөтлөлцөж явж чаддаг уу?

-Хаана ч хамт явна гэхдээ хөтөлцөөд явж чадахгүй. Монголд хөтлөлцөөд явбал эвэртэй туулай харсан мэт болох байлгүй. Гэхдээ бид хоёр зүгээр зэрэгцээд явах тохиолдол зөндөө шүү дээ. Нийгэмд бидний үзэн ядаж буруугаар жигшдэг. Гэтэл бид хүн болж төрсөндөө бахархах, бусдад хайрлагдах ёстой юм шүү. Тиймээс бид жилд "Тэгш эрх-бахархлын өдрүүд" гэсэн арга хэмжээг зохион байгуулдаг. 

-ХДХВ/ДОХ-той хүмүүсийн 80 хувь нь ижил хүйстэн байна гэх судалгаа бий. Магадгүй та нарыг ДОХ тарааж байна гэж олон нийтэд үзэн яддаг?

Буруу ойлголт байна шүү. Гэхдээ энэ 80 хувь гээд байгаа тоо ерөөсөө буурахгүй байгаа. Халдвартай хүмүүсийн тоо 277-д хүрсэн. Түүний 80 хувь нь ижил хүйстэн байна. Бэлгийн зан үйлийнхээ хувьд өөрсдөд нь учир бий. Миний хувьд харьцангуй тогтвортой харьцаатай байдаг учраас халдварт өвчин байхгүй.

Харин бэлгийн идэвхтэй амьдралтай ижил хүйстнүүд бол халдвар авах магадлал өндөр. Тиймээс ч ХӨСҮТ-тэй хамтарч ажиллаад хоёр жил тутамд тандалт судалгаа хийж, хүмүүсээ хамруулаад урьдчилан сэргийлэх үзлэг хийгээд явж байна.

О.Гэрэл

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button