Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг хилс хэрэгт гүтгэчихлээ

60 тэрбумын схемыг сонсч, түүгээрээ дамжуулан төрийн албан тушаалыг наймаалцах гэсэн хэмээн Ц.Сандуй нарыг хэдэн жил адлав. Ц.Сандуй л 60 тэрбум төгрөгийг төрөөс босгох гэж байсан хэмээн зүхлээ. Гэтэл өнөөх зүхэл, дургүйцлийн бай болсон Ц.Сандуй нь томилгоо хийдэг албан тушаал дээр очиж чадсангүй.

Тухайлбал Нийслэл Улаанбаатар хотын бүхий л албан тушаалыг томилох чөлөөлөх эрх нь бараг л Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн эрх мэдэлд шилдэг. Гэтэл 2016 оны сонгуулийн дараа уг албан тушаал дээр С.Батболд гэж эрхэм очив. Харин 60 тэрбумыг босгох тухай яриа өрнүүлсэн гэх Ц.Сандуй нь НИТХ-ын дарга болов.

Уг яриа, схемийг хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэх эрхтэй албан тушаалтан биш гэдгийг Ц.Сандуйгийн хашиж байсан албан тушаал нь бэлхэн хэлээд өгч буй юм. Учир нь НИТХ-ын дарга гэдэг бол ямар нэгэн томилгоон дээр гарын үсэг зурж суудаг хүн биш. Харин тийм эрх мэдэл зөвхөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн эрх мэдэлд байгаа.

Бас нэг өнцөг бол 60 тэрбум төгрөгийг төрийн албанаас босгож чадах эрх мэдэл, зангараг, эрэмбэ гэгчийг эдлэж чадах хоёр л хүн намд байдаг. Энэ нь тухайн намын дарга бас Ерөнхий нарийн бичгийн дарга юм. 2016 оны сонгуулийн өмнө МАН-ын дарга нь М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ж.Мөнхбат байв. Энэ хоёр эрхэм хэрэв 60 тэрбумын схем хэрэгжсэн бол гол хүмүүс байх учиртай. Гэтэл тэдний тухай, тэднийг чичилсэн яриа өрнөхгүй өнгөрч байгаагаас харах юм бол 60 тэрбумын гэх яриа бол зөвхөн хэдхэн хүний дунд өрнөсөн явган шог л болжээ гэж харахаар байна.

2016 оны сонгуулийн дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан томилогдсон. Сонгуулийн өмнө, сонгуулийн дараа 60 тэрбумын яриа болоогүй. Тэр бол эвлүүлэг хэмээн ярьж суусан Д.Амарбаясгалан гэнэт л 60 тэрбумын яриа болсон нь үнэн хэмээн том дуугарч эхэлсэн. Чухам яагаад ингэж дуугарах болов. Эсвэл үнэхээр энэ схемийг хэрэгжүүлэх бяртай суудал дээр суусан учраас тэгсэн үү гэдгийг өнөөдөр хэн ч мэдээгүй байна. Зөвхөн таамаг бүхий явган яриа л хөвөрч байна. Хэрэв 60 тэрбумын схем хэрэгжсэн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын оролцоогүй явна гэж байхгүй.

Одоо МАН-ын дарга нь У.Хүрэлсүх. Тэр сэлэм эргүүлж байгаад намаа гартаа авсан. 60 тэрбумын схем хэрэгжсэн, эсвэл үгүй гэдгийг хамгийн сайн мэдэх хүн бол У.Хүрэлсүх. Хэрэв тэр хэрэгжээгүй гэж үзэж байгаа бол Ц.Сандуйг өмгөөлөх ёстой.

60 тэрбум төгрөгийг төрийн албанаас босгох тухай яриа гэдэг бол шууд утгаараа МАН-ын санхүүжилтийг босгох тухай яриа. Тэгэхээр 60 тэрбум төгрөгийн хэрэгт хэн нэгэн буруутай бол МАН бүхэлдээ буруутай. Түүнээс зөвхөн Ц.Сандуй, А.Ганбаатар нар бол буруутай гэж үзэж болохгүй юм. Нам гэдэг бол байгууллага. Тэгэхээр хувь хүн өөрийнхөө эрх ашгийн төлөө бус намынхаа эрх ашгийн төлөө явж байгаад буруутсан нөхцөлд нам нь өмгөөлөх учиртай. Түүнээс хоёр хүнийг золигт гаргаж, нам нь цэвэр үлдэнэ гэсэн ойлголт байхгүй юм. Иймээс л Ц.Сандуй, А.Ганбаатар нар бол шинэ цагийн улс төрийн хэрэгт хэлмэгдчихлээ. Тэд хувийнхаа компанид мөнгө босгох гэж яваагүй. Харин МАН гэдэг намд мөнгө хайж яваад 60 тэрбумын гэх яриаг сонссон, бас дамжуулсан.

Гэхдээ хэрэгжүүлээгүй…

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button