Л.Мөнхбаатар гишүүн 25 адуугаа 90 сая төгрөгөөр үнэлжээ

МАН-ыг мандаж явах үед Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын албыг дөрвөн жил хашсан эрхэм бол Л.Мөнхбаатар. Энэ бол 2008-2012 оны үйл явц. Ингээд 2012 оны сонгуулиар Хөвсгөл нутгаас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. Улмаар 2012-2016 онуудад Хөвсгөл нутгийг зорьж Хөвсгөл хөгжил сан гэгчийг байгуулж, нутгийн сайн хүү гэх нэрийг зүүх болов. Үүнийхээ ачаар 2016 оны сонгуулиар УИХ-д суух тийзийг гардаж авсан байдаг. Ийнхүү төрийн бус байгууллага тэргүүлдэг “сайн хүү”-гээс Төрийн ордонд заларсан Л.Мөнхбаатарын ХОМ-ийг удаад онцолъё. 

Л.Мөнхбаатар гишүүний хувьд гишүүн болохоосоо өмнө буюу 2015 онд  12 сая төгрөгийн цалинтай байсан бол 2016 онд гишүүн болсон жил орлого нь огцом өсөж 137 сая төгрөгт хүрсэн байна. Харин 2017,2018 онуудад орлогоо гэнэт бууруулж 20 гаруй сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлсэн байна. Гэр бүлийн гишүүд нь түүнийг гишүүн байхаас өмнө 252 мянган төгрөгийн цалинтай байсан бол  2018 онд жилийн 3 сая шахам төгрөгийн орлого олсон гэдгээ мэдүүлжээ.

Л.Мөнхбаатар гишүүнийх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой. Эдгээрээ 840 сая төгрөгөөр үнэлжээ. BMW X6, Lexus,570 маркийн хоёр машинтай, 170 сая төгрөгийн үнэлгээтэй. Нийт 25 адуутай үүнээс тав нь хурдан удмынх хэмээн тодотгож 90 сая төгрөгөөр үнэлсэн байх юм. 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 9 сая төгрөгийн хадгаламжтай, ямар нэг өр зээлгүй.

Гишүүн Бодиткапитал ХХК-тай. Бодиткапитал ХХК нь гадаад худалдаа аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөлтэйгөөр 2013 онд нээгдсэн. Уг компанийг Б.Бурмаа гэх хүн толгойлж, Л.Мөнхбаатар гишүүн 100 хувь эзэмшиж байна.  

 

П.ГОО

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button