Нийт зээлийн 86 хувь нь бизнесийн зээл байна гэв

Монголбанкнаас сар тутам хийдэг ээлжит хурлаа  өчигдөр /2019.11.28/ хийлээ. Мэдээллийн эхэнд Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар үндэсний төлбөрийн Т карт  EMV чипт шилжих гэж байгаа талаар “Монголбанкны зүгээс энэ сарын 10-нд EMV чип карт нэвтрүүлэх гэрээ байгууллаа. Манай улс 2012 оноос хойш үндэсний төлбөрийн Т картыг зах зээлд нэвтрүүлсэн. Үүнээс хойш Монголбанкнаас нийт 2.7 сая ширхэг Т карт гарчээ. Энэ  карт соронзон туузтай. Гэвч сүүлийн жилүүдэд картын хулгай, луйврын хэргүүдээс үүдэн дэлхий нийт  чип картын хэрэглээ рүү шилжиж байа. Энэ технологийг нэвтрүүлснээр картын нууцлал, аюулгүй байдал сайжирна. Гар утсаараа төлбөр тооцоо хийхэд аюулгүй болно. Зайнаас төлбөр тооцоо хийх, QR code, token гэх мэт шинэ төлбөрийн төрлүүд нэмэгдсэнээр олон улсын төлбөрийн стандартыг хангадаг болно гэсэн үг. Төлбөрийн Т картаараа  гадаадад төлбөр төлөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэлээ. 

Мөн энэ үеэр Төв банк мөнгө, зээлийн шинэ статистик танилцууллаа. Тухайлбал, 10 дугаар сарын байдлаар зээлийн өсөлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.6 хувьд хүрчээ. Чанаргүй зээл 5.2 хувьд хүрч өмнөх сараас буурсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төлбөрийн тэнцлийн алдагдал буурчээ. Төлбөрийн нийт тэнцэл 264 сая ам.долларын ашигтай гарсан байна.

 Мөн хэрэглээний зээл тогтворжсон бол бизнесийн зээл нэмэгдэж, ажлын байр нэмэгдэхээр байгаа аж. Аравдугаар сарын нийт зээлийн 86 хувь нь бизнесийн зээл байгаа аж.

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button